Өнөөдөр Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал эхэлнэ.

Хоёр жил тутмын бага хурлыг "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр “Туушин” зочид буудалд хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороог төлөөлөн нийт 160 орчим зочид төлөөлөгч оролцоно. 

Хуралдаан болох өдрүүдэд хүний эрхийн үндэсний байгууллагын чадавх, хөрөнгө арвижуулах үйл ажиллагааны стратеги, хүний эрхийг хамгаалагчдын асуудал, эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. 

Харин хуралдааны хоёр дахь өдөр буюу энэ сарын 27-нд АНДЧ-ны Удирдах зөвлөлийн дотоод хурал болох бол энэ сарын 29-30-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд өөрсдийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцох юм байна.