Шүүхээс дугуй түгжигч ашиглах журмыг хууль бус гэж үзэв
2015/09/28
Зориулалтын зогсоолд машинаа тавиагүй, байрлуулаагүй жолооч нарын машиныг ачих, дугуйг нь түгжих журам хэрэгжээд нэлээд удаж байгаа билээ.
Уг үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ дээрх журмыг хууль бус гэж үзэн, байр сууриа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хэд хэдэн удаа танилцуулсан.
Энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар хувийн 16 аж ахуй нэгж 11 мянган 746 тээврийн хэрэгслийн дугуйг хууль бус журмын дагуу түгжиж, 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлэн, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дүгнэлт гаргасан удаатай.
Мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ШӨХТГ-аас "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, есдүгээр сарын 24-ний өдөр гомдлыг хянан хэлэлцээд, НИТХ-аас батласан дээрх журмыг хууль бус гэж үзсэн байна.