Монголын Залуучуудын Холбооны V их хурал 12 жил завсарласны дараа болж, Үндэсний Залуучуудын Зөвлөл хэмээх залуусын хамгийн том нэгдэл бүхий байгууллагыг байгуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурал 2015.04.28-ны өдөр зохион байгуулагдсан.

Уг хурлаар  Үндэсний Залуучуудын Зөвлөлийн гишүүдийн саналд үндэслэн “ХАР ЦАГААН ЖАГСААЛТ” гаргах, жагсаалттай холбоотой журам гаргахыг тогтоолоор баталсан юм. Ийнхүү өнгөрөгч сарын 29-нд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн II хурал зохион байгуулагдсан ба төлөөлөгчдийн олонхийн саналаар Хар Цагаан жагсаалтын журмыг баталж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.

Тэгвэл өнөөдөр буюу Ардчиллын алтан хараацай С.Зоригийг хэрцгийгээр хөнөөж Монголын түүхэнд хамгийн хар үйл явдлаар тэмдэглэгдэн үлдсэн энэ өдөр Монголын Залуучуудын Холбоо Хар/Цагаан жагсаалт болон “ Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд Хар/Цагаан жагсаалт гаргахдаа 1992 оноос 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл болсон Монголын болоод ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг 100 ХАР ҮЙЛ ЯВДЛЫН жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэхээр болсон байна.

Уг “100 хар үйл явдал”-ыг олон нийтийн санал асуулгаар тодруулах бөгөөд нэгдүгээрт онлайн буюу олон нийтийн цахим сүлжээ, хоёдугаарт МЗХ-ны нээлттэй шилэн системийг ашиглан олон нийтээр нэрлүүлэх аж. Мөн судалгааны байгууллагууд болох Монголын Түүхийн хүрээлэн, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд оролцож салбартаа болсон хар үйл явдлыг нэрлэн дээрх “100 хар үйл явдал”-ын жагсаалтанд оруулах юм байна. Ийнхүү жагсаалт гарсны дараа тэрхүү үйл явдалд холбогдсон улс төрч, төрийн албан хаагчдын нэрсийг “ХАР ЖАГСААЛТ”-д оруулах бөгөөд уг жагсаалтад орсон нэр дэвшигчдийг УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг уриалах замаар энэ ажил өрнөх нь. Харин “Цагаан жагсаалт” -нд улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, цаашид ч хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч, итгэл хүлээхүйц нэр дэвшигчдийн нэрсийг оруулах бөгөөд тэрхүү жагсаалтанд орсон нэр дэвшигчдийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уг ажил нь өнөөдрөөс эхлэн 2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль хүртэл үргэлжлэхээр болов. Мөн хар жагсаалтыг гаргах болсонтой холбогдуулан “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх болсноо онцлов.

Монголын мянга мянган залуус цаашлаад эрдэмтэн судлаачид, ахмадууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, Намын дэргэдэх залуучуудын байгууллага, Олон улсын байгууллагуудыг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа.