Галт тэргэнд автомашин, явган зорчигч дайруулах тохиолдол буурахгүй байна. Он гарсаар төмөр замын ослоор найман хүн амиа алджээ.

Жолооч нар гарманд ойртсон үед төмөр зам дээгүүр зорчих хөдөлгөөн хийхийг оролдсон 100 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Галт тэрэг гарманд ойртсоныг дуут дохиогоор явган зорчигч болон автомашинтай иргэнд сануулдаг ч төмөр зам дээгүүр зорчих хөдөлгөөн хийдэг нь осол гарах үндэс нь болдог хэмээн албаны хүмүүс дуулгав.

Улаанбаатар хотын хувьд "Хархорин", "Барс" зэрэг захуудын урд байрлах төмөр зам дээр их гардаг байна. 1500 тонн жинтэй галт тэргийг зогсоохын тулд нэг километрийн өмнөөс тоормослох ёстой байдаг аж.

Энэ сарын 08-нд Дархан-Уул аймгийн Цайдам зөрлөгийн хажууд портер маркын машинтай хоёр иргэн галт тэргэнд мөргүүлж нас баржээ.

Тус гарамны дуут дохио ажиллаж байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтаар тогтоожээ. Галт тэрэг ирж байна гэдгийг сануулсаар байтал амжиж гарах гэсэн үйлдэл амь насаа алдах шалтгаан болсон нь тун харамсалтай.

Төмөр замтай холбоотой аваар ослын тоо буурахгүй байгаа тул нүхэн гарц барьж асуудлыг шийдэхэд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс анхаарлаа хандуулж эхэлсэн гэнэ.

Энэхүү мэдээг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.