Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг 2015 оны аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв.

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан бөгөөд цэрэг татлагатай холбогдолтой 169 өргөдлийг хүлээн авч, хариуг нь өгөхөөр шийдвэрлэн ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүд хэллээ.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.