Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж, дэлхийн дунджаас найм дахин илүү байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс мөн ч олон удаа сонссон. Харин үүний цаад учир шалтгааныг эмч мэргэжилтнүүд анхааруулсан ч нэг л ухаж ойлгохгүй байх шиг.

Өөрөөр хэлбэл, бид хэнэггүйгээсээ болж эрдэнэт хүний амь насыг авч одож буй хорт хавдрын өвчлөлийг өөрсдөө “үйлдвэрлэж” байна. Мэдсэн ч хар тугалга, хорт бодис агуулсан, хавдрын өвчин үүсгээд байгаа хуванцар савнуудаа хаяж чадахгүй байгаа юм. Бидний гэр бүл, хамаатан садан гээд хот, хөдөөгүй өргөн хэрэглэж байгаа хөх, шар савыг олон улсын байгууллагаас тэр дор нь устгах онц аюултай хог хаягдал гэж олон жилийн өмнөөс анхааруулсаар ирсэн.

Гэвч, бид өнөөдөр ундны усаа зөөгөөд, айраг цагаагаа хийж хэрэглэсээр л. Зарим хүн “Одоогоор муудсан зүйл алга” гэж хэлэх биз. Тэгвэл үнэ хямдхан, ундны усаа зөөж, сүүгээ хадгалахад амар гээд байгаа хөх, шар савнууд танд хорт хавдрын өвчин үүсгэж, хүүхдийн тань цусан дахь хар тугалганы хэмжээг нэмэгдүүлж байгаагаас төв мэдрэлийн системд нөлөөлж эхэлсэн гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн судлаад тогтоочихож. Төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж байна гэдэг бол цаашид гэмт хэрэг өснө гэсэн үг.

ШӨХТГ-аас хөх, шар савны хэрэглээний асуудлаар гэр хороололд амьдарч буй 500 иргэн, “Нарантуул” зах, “ТОСА” худалдааны төв, Ус түгээх байр, “Хар хорин” зах зэрэг газарт судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 76.3 хувь нь хуванцар сав, 12.8 хувь нь төмөр сав, 10.7 хувь нь бусад төрлийн сав хэрэглэдэг гэж хариулсан байна. Мөн зориулалтын бус хуванцар сав хүний эрүүл мэндэд хортойг мэдэх үү гэсэн асуултад 82.8 хувь нь мэднэ, 12.3 хувь нь мэдэхгүй, 5.8 хувь нь үгүй гэж хариулсан хэрнээ хуванцар савны тэмдэглэгээг уншиж, таньж чаддаг уу гэсэн асуултад 51.8 хувь нь чадахгүй, 29.5 хувь нь мэдэхгүй, 18.6 хувь нь тийм гэсэн байна.

Харин хуванцар саванд тавьсан эдгээр тэмдэг тэмдэглэгээний аль нь хүнсний зориулалтаар ашиг­лаж болох вэ, ду­гуйлна уу гэхэд нийт судалгаанд оролцогчдын зөвхөн 15 оролцогч “5” номерын тэмдэглэгээ гэж зөв дугуйлжээ. Эндээс харахад иргэдийн ихэнх нь хуванцар савыг хэрэглэдэг мөртлөө зориулалтын савыг яаж таних талаар мэдлэг тааруухан байгаа юм.

Судалгаанд орол­цогчдын 82.2 хувь нь зо­риу­лалтын бус хуванцар сав эрүүл мэндэд хортой гэдгийг мэдэж байна гэж хариулжээ. Тэгээд яагаад зориулалтын савыг хэрэглэхгүй байна гэ­хээр мэдлэг мэдээ­лэл дутмагаас гадна зориулалтын сав Монголд орж ирдэггүй гэдгийг ШӨХТГ-аас хэлж байна. Өөрөөр хэлбэл, “5” номерын тэмдэглэгээ бүхий стандартын савыг ху­дал­дааны төвүүдээр зарж борлуулдаггүйн дээр хилээр орж ирдэггүй аж. “5” тэмдэглэгээтэй савыг ОХУ-аас зөвхөн цөөн тоогоор хувь хүмүүс оруулж ирдэг ч хэтэрхий үнэтэй учраас иргэд худалдаж авдаггүй юм байна.

Харин “1” гэсэн тэм­дэ­г­­лээтэй савыг хэрэглэж бо­л­ох ч нэг удаа хэрэглээд хаях ёстой. Гэтэл иргэд олон удаа ашиглаж байна гэдгийг албаныхан хэлж байна.

Иргэд зориулалтын бус хөх, шар савнаас татгалзъя гэхээр зориулалтын “5” номерын тэмдэглээтэй сав нь манай улсад байдаггүй юм байна. Тиймээс хар тугалганы хольцтой хром, хүнцэл, аммиак хадгалах зориулалттай хуванцар савыг иргэд хэрэглэсээр байгаа учраас ШӨХТГ-аас “5” гэсэн тэмдэглэгээтэй савыг хилээр оруулж ирэх хөтөлбөрийг боловсруулж эхэлжээ.

 

С.УЯНГА