Бороо орж, шороо шуурлаа гэхэд та тэнгэр эсвэл газарт уурлаж өширхөөд байдаггүй биздээ. Зүгээр л борооноос халхалж шүхэр барина, шорооноос хамгаалж юм нөмөрнө.

Уур хилэн, бусдын атаа хорсолд дайруулбал байгалийн үзэгдэлд хандаж байгаа мэтээр хүлээж ав. Дайсагналын шалтгааныг эрэн сурвалжилбал эцэс төгсгөлгүй хэцүү эрэл болно. Таныг гомдоож, дотоод шаналалыг чинь үүсгэсэн хүнд зүгээр л талархах нь дээр. Яагаад гэвэл та шаналалаа мэдэрсэн байна. Өвчтэйгээ мэдсэн хүн л эрүүлжих талаар бодно шүү дээ. Ингээд уучлахын хүчээр өөрийгөө эрүүлжүүлсэний эцэст та хохирогч биш хожигч болно. Тэгэхээр нөгөө хүн таньд тус хүргээд өөртөө балаг хурааж байна. Хүний ёс жудгаа бодсон ч тийм хүнийг өшиж занахын оронд өрөвдөж хайрлавал зохино.

Өнгөрсөн амьдрал гэдэг харандаагаар бичсэнийг баллуураар арилгахтай адилхан хялбар зүйл. Тэртэй тэргүй жаргал зовлон ээлжлэн байдаг орчлон шүү дээ. Яахав хаяа сайн муу аль аль нь бидний бодол санаанд эргэж буцан эргэлдэх нь мэдээж. Тэр дундаас мууг эргэн дурсах гэж шимтэх хэрэггүй, сэтгэлээ зовоохын нэмэр. Муу муухай дурсамжийг ухаж уудлаад сэтгэлийн тайтгарлыг олно гэж байхгүй. Хэнийг ч уучилж чадсанаараа юуг ч алддаггүй. Хүнийг уучилж чаддаггүй хүн өөрийгөө сэтгэлийн зовлонд унагаж тамлан зовоож байдаг. “Өөрийгөө эзэмддэг хүн бүхнээс хүчтэй” /Бага Сенека/. Өөрийгөө ялсан ялалт хамгийн хүчтэй ялалт. Өөрийгөө ялж байж өөрийгөө эзэмддэг болно. Өөрийгөө ялах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох нэн гайхамшигтай ололтуудын нэг мөнөөс мөн. “Хүн өөрөө өөрийгөө ялмагц бусдыг буруушаахаа больдог” /Л.Н.Толстой/. гэжээ.

Харин муудалцсан хүмүүс их бага хэмжээгээр бие биенээ гомдоож байдаг. Гомдлын хорыг мэдээж уучлалаар тайлна. Миний буруу үнэхээр байжээ. Би түүнийг уучлая гэж үнэн сэтгэлээсээ бодож чадвал өөрийн зовлон шаналлаа нимгэлэн, амар тайван болж сэтгэлдээ дүүжлээстэй байсан зүйлийг авч хаяна. Дайснаа энэрэн асарч, хүндэтгэн хайрлах нь таны амьралд гэрэл гэгээ нэмнэ. Үнэнч шудрага ёс, сайн санаа хэзээ нэгэн цагт ялдаг. Та энэ амьдралдаа хэнийг ч голд нь ортол гомдоож, гомдолтой нь үлдээж хэрхэвч болохгүй. Хүн төрөлхтөнд ус агаар мэт хэрэгцээтэй агуу буянтай зүйл бол хүн чанар. Хүний мөс чанарын буян нь сайхан бүхний эхлэл билээ.

Н.Ганаа