"Азийн цагаан дагина" гэгдэг Нийслэл хот маань өдгөө Утаанбаатар хэмээн нэрийг өвөлдөө зүүгээд авдаг болсон нь нууц биш. Тэгвэл тусгаар тогтносон улс маань "Архин далайд живсэн Монгол болчихлоо" гэхэд буруутахгүй биз ээ.

Саяхны нэг өдөр найранд уригдах нь тэр. Мэдээж, уригдсан бүхэн идээний дээж хэмээн хүндэлдэг сархадаа зооглодог жам ёсны зан үйл. Найранд ирсэн зочид ч "миний найз, дүү нар минь хуримаа хийж байна. Сайхан өдөр уухгүй бол болохгүй" гэлцэн хундага тулган сөгнөсөөр...Харин уухгүй гэсэн нэгнээ шахах нь энүүхэнд. Яагаад Монгол хүмүүс ийм сонин байдаг юм байна аа гэж халаглахаар дүр зургийг харж суулаа.

"Би архи уудаггүй" гээд байхад л "Ийм сайхан өдөр болж байхад бас залуу хүн байна даа уучих. Архи уудаггүй хүн гэж хаа байсан юм" гэж ирээд л шахаад байх нь тэр. Гэдэн минь хөдлөөд уухгүй ээ гээд л ширээнээс холдон одов. Ер нь яагаад залуу хүн архи уудаггүй байж болдоггүй байна аа? Нэгнээ бор дарсаар шахах нь юун сайхан байдаг юм бол гэж бодов. Архи уухгүй нэгнээ бусдыгаа уруу татлаа гэх. Архи уух үгүй нь бидний сонголт биз дээ.

Эцэстээ уудаггүй нэгнээ уудаг хүмүүсийн эгнээнд элсүүлчихээд дараа нь "нөгөө муу чинь архичин болчихсон байна лээ ш дээ" гэж ярилцдаг нь өнөөгийн нийгмийн дүр төрх. Жирийн сайхан амьдралаа авч яваа залууг ажлаа бүтээлгэх гэж ирэх улс нь архи уулгасаар байгаад л ажил ч үгүй, амьдрал ч үгүй болгон гудамжны архичин болгодог тухай Монгол киноноос бишгүй дээ л үзэж байсан. Та ч үзээ байлгүй дээ.

Тэгвэл өнөөдөр манай улсад нэг Монгол хүнд 23 литр архи ноогддог байна. Нэг удаа бидний хэлдгээр тасартлаа уухад тархинд 15-20 мянган эс үхдэг аж.

Архи гэгчээс үүдэн хүн амины хэрэг, Зам тээврийн осол, Онц ноцтой гэмт хэргийн тоо хүртэл өсч цаашлаад өөрийн амь насыг болоод бусдын аминд хүртэл хүрдэг аймшигт шингэн. Өнгөрөгч есдүгээр сарын байдлаар гэмт хэрэг 2367, захиргааны зөрчил 75086, согтуугаар 7744 хүн саатуулагджээ.

Гэтэл бид ганц найранд ч гэлтгүй баяр ёслол, хэн нэгнийхээ төрсөн өдрөөр хүртэл уудаг болж. Тэр бүү хэл, хүүхдийн сэвлэг үргээх найранд хүртэл хундага тулган суух юм. Багаас нь архи уухыг заагаад байна уу гэлтэй.