Дэлхийн дулаарал бичин жилийн өвөлд ашигтай
2015/10/26
Бичин жил айсуй. Зуд, ган хэмээх байгалийн гамшигт үзэгдэл тодорхой цаг хугацааны мөчлөгтэй давтагддаг зүйл ажээ. Сүүлийн 60 жилийн статистик судалгаанаас харахад 1944 оны бичин жил 150 хоног үргэлжилж 9.2 сая мал хорогдсон бол 1956 оны ган, зуданд 2.2 сая мал хорогдож байсан аж.
Харин 1968 оны бичин жилийн зуд 165 хоног үргэлжилж, 4.4 сая толгой мал хорогдож байсан гэдэг. Үүнээс хойш 1990-ээд он хүртэл их бага хэмжээгээр зуд болж байсан ч малчид өөрсдөөс хамаарах бэлтгэлийг сайн хангаж байсны хүчээр зудыг хохирол багатай давж байжээ. Гэвч 2000 онд 12 аймгийн 157 суманд зуд болж, 2.4 сая мал хорогдсон байна. Энэ зуд дараа жил нь ч мөн үргэлжилсэн бөгөөд 20 аймгийн 192 сумыг хамарч, 3.5 сая мал хорогдсон бөгөөд 5000 орчим айл өрх малгүй болсон түүхтэй. Хоёр жил дамнасан айхтар зуд болсноос хойш 15 жилийн дараа ийнхүү монголчууд бичин жилийн өвөлтэй золгох гэж байна.
Гэхдээ дэлхийн дулаарлын нөлөөгөөр сүүлийн 70-н жилд манай орны жилийн дундаж агаарын температур 2.1 градусаар нэмэгдэж, дулаарсан байна. Энэ дулаарал бүх улиралд ажиглагдаж байгаа аж. Үүнийгээ дагаад өвөл хур тунадас нэмэгдэж, зуных буурах хандлагатай байгаа юм байна. Тэгэхээр зундаа хуурайшилтай, өвөлдөө хүйтрэхгүй зөөлөн уур амьсгалтай болох магадлал өндөр бөгөөд энэ өвөл өмнөх бичин жилүүдийнхээс харьцангуй дулаан өвөл болно гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн тооцооноос үзэхэд Монгол орны жилийн агаарын дундаж температур одоогийнхоос 4-6 градус нэмэгдсээр байгаа юм байна. Өөрөөр хэлбэл өвөл хамгийн ихдээ хасах 30 градус хүрч хүйтэрдэг байсан бол хасах 24 градус болох жишээтэй ажээ. Энэ дулаарлын нөлөөгөөр 1940-өөд оны зудын жилтэй харьцуулашгүй дулаан өвөл болох магадлалтай ч өвөлдөө цас их унана. Цас ихтэй үед мал бэлчээрт явахад бэрх, их цас малтаж, өвс олж иднэ гэдэг хэцүү. Тэгэхээр хадлан , гар тэжээл, багсармал тэжээл зэрэг нь малчдын аминд орох шинжтэй байгаа юм. Мөн олон жилийн цаг агаарын байдлаас харахад цас ихтэй, дулаан өвлийн хавар нь хүндхэн болдог ажээ.
Одоог хүртэл монголчуудын дунд гашуун түүх болон яригддаг бичин жилийн зудыг эргэн сануулахад тухайн үед ихэнх нутагт намар эрт цас орж, малчид нүүдэллэж чадалгүй цасанд боогдчихсон гэдэг. Мөн тэр жил даалимба, даавуу ховор улаан тамхи, дугуй булант үнэд хүрч байж. Гурил будаа бүр ч ховор байсан гэдэг. Мөн хөдөө орон нутгийн ихэнх сургуулиуд өвөлдөө хичээлээгүй юм билээ. Гурил ховор учир тэр жилийн цагаан сараар овсгоотой зарим малчид хивэг шигшиж, бор гурилаар боов хийн таваг засаж, зарим нь адууны умс хитай тавагласан байжээ. Мөн цайны идээ ховордсон учир айлын эзэгтэй нар уулын ургамал түүж, цай чанаж байсан ч сэрүүн чанарын ургамлаас болж, эмэгтэйчүүд олноороо хавагнаж, өвчилсөн түүх бий.
Н.Ганчимэг
trtr · 2015/10/26
uvul boldogooroo l bolno.bichin jil geltgui.