Энэ оны төсөв эхний найман сарын байдлаар гэхэд л 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Тиймдээ ч ирэх оны төсвийг алдагдал багатай батлахын тулд шүүхийн төсвийг 24 хувиар танаж, шүүгчийн цалинг 30 хувиар бууруулахаар тусгасан байна.

Энэ асуудалд шүүгч нар нэлээд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд авлаа. Тодруулбал ШЕЗ-ын дарга Н.Лүндэндорж болон шүүгчид өчигдөр мэдээлэл хийхдээ “Шүүгч иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг шударга ёсны манаач байх ёстой. Гэтэл цалинг нь таначихвал хараат бус байх ёс алдагдах магадлалтай. Бага цалинтай шүүгчид авлига авахгүй гэх баталгаагүй. Тэгэхээр энэ нь шүүхийн шинэтгэлийн бодлогоос ухарсан. Шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан үйлдэл” гэвээ.

Өөрөөр хэлбэл тэд цалин хасвал авлига авна шүү гэж байна. Хүний амь амьдрал, буруу зөвийн дэнсийг залуурдаж, алхны эцсийн цохилтоороо бусдын хувь заяаг шийдэх хатуухан боловч өндөр хариуцлага үүрсэн хүмүүсийн маань ажил хийх шалтгаан нь зөвхөн өндөр цалин юм байна гэж ойлгож болох нь. Альч салбарт цалингаа нэмэгдүүлэх сонирхолтой мэргэжилтнүүд ажиллаж байгаа ч тэд улс орны нийгэм, эдийн засгийн хүндхэн байдлыг ойлгож, бүсээ чангалан ажиллаж байгаа. Цалин нэмүүлэх тухай эсэргүүцлийг бүр мартсан. Тэд сайхан амьдраад, цалин нь хүрэлцээд байгаадаа биш. Нэг ёсондоо хүн чанар. Ихэнх салбарын мэргэжилтнүүд дунджаар 500-800 мянган төгрөгөөр амьдарч байна. Эмч 500 мянган төгрөгийн цалингаа голоод, өвчтөндөө буруу эмчилгээ хийж, эсвэл ажил хаяж зөрүүдэлж байсан тухай ер сонсоогүй юм байна. Цалин хангамж өндөртэй байлаа гээд тэд төр, ард түмэндээ үнэнч шударга ажиллана гэх баталгаа байхгүй. Шударга байхын хэмжүүр ёс суртахуун ч биш ганцхан мөнгө байх нь.

Ёс суртахуун гэснээс өчигдөр ШЕЗ-ын дарга Н.Лүндэндорж цалин хасахыг эсэргүүцэж, мэдээлэл хийхдээ “...Шүүгч нарын одоогийн цалин 2.7-3.3 сая төгрөг байгаа. Хууль батлагдвал энэ цалин 44-63 хувиар буурна” гэж ярьсан юм. Гэтэл тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 онд “Монцамэ”агентлаг болон бусад сонин сэтгүүл, сайтад ярилцлага өгөхдөө “ ШЕЗ-ийн хуралдаанаар шүүгч нарынхаа цалингийн тухай хэлэлцэж, анх удаа сарын цалингийн хэмжээг 3.7-4.5 сая төгрөг болгон тогтоолоо. Мөн дээрээс нь ажилласан таван жил тутамдаа шүүгч нар хоёр хувийн нэмэгдэл авна. Үүнээс гадна энэ ондоо багтаан бид бүх шүүгчийнхээ төвшинг тогтооно. Төвшингөөс шалтгаалан шүүгч нарт үндсэн цалингийн 50 хүртэл хувийн нэмэгдэл ирнэ. Жишээлбэл, дөрвөн сая төгрөгийн цалинтай шүүгч мэргэжлийн ур чадварын үнэлгээгээрээ “сайн” гэсэн дүн авбал хоёр сая төгрөг, дээр нь 20 жил ажилласан бол таван жил тутамдаа нэмэгдэл авч, нийлээд 8-9 сая төгрөгийн цалин сард авах болж байгаа юм” гэжээ.

Гэтэл өчигдөр мэдээлэл хийхдээ яагаад 2.7-3.3 гэж хэлэв. Уг нь тэдний цалинг хасаж, танасан ч манайдаа л хамгийн өндөр цалинтай, төрийн албан хаагч нар хэвээрээ л үлдэнэ. Эмч, багш нараас бараг 10 дахин их цалин авдаг эрх мэдэлтнүүд улсын эдийн засгийн хямралыг үл ойшоон юуны төлөө худал тоо дэлгэж, сандралдах болов. Цалингийн хэмжээгээ үнэн хэлж чадахгүй шүүгчид, бусдын хувь заяа шийдвэрлэх амин чухал ажилд, шударга хандаж чадах уу.

Н.Ганчимэг