Налайх дүүргийн II хорооны нутагт одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны аравдугаар сарын 17-18-нд шилжих хүн амины ноцтой хэрэг гарсан. Уг хэрэгт А.Мэндбаяр гэгчийг холбогдуулан шалгаж шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оноосон юм. Харин талийгаачийн аав Д.Мөнхжаргал дахин хэвлэлийнхэнд хандсан юм.

 

 

Өмнө нь тэрбээр хэргийг хав дарах вий гэсэн хардлага аван олон нийтэд болсон хэргийн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад өөрийг нь цагдаагийн байгууллага заналхийлж байна гэв.

Д.Мөнхжаргал "Хүүгээ алдсанаас хойш би хоёр жил гаруйн хугацаанд хэргийн үнэн зөвийг шийдэж өгөөч гэж цөхөртөл явж байна. Хэргийг цагдаагийнхан биш би илрүүлсэн юм. Яаж илрүүлсэн юм гэхээр хэрэг гарахаас нэг сарын өмнө миний хүүг алсан А.Мэндбаяр гэж хүн эцэгтэйгээ нийлээд хүүг маань заналхийлсэн байдаг юм. Миний хүүг хар тамхи зарж борлуулах сүлжээндээ оруулах шахалт үзүүлсэн. Тэгээд эсэргүүцсэнийхээ төлөө амиа алдсан. Мөн хэргийн газар дээрээс миний хүүтэй нийлээд дөрвөн хүний хурууны хээ олдсон байхад ганцхан хүнд ял оноосон. Нөгөө хоёр хүний хурууны хээ нь ямар хүнийх байсныг тодруулж өгөөч гэж би зөндөө өргөдөл, гомдол гаргасан. Гэтэл цагдаа, хуулийн байгууллага тоохгүй байгаа хэр нь намайг заналхийлж байна" гэлээ.

Мөн тэрбээр би энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлгээр орсон. Миний хүүг хөнөөхөд гурван хүн оролцсон гэдгийн тухайн үеийн цагдаагийн байгууллагын даргаар ажиллаж байсан хүн олон нийтэд мэдээлсэн хэр нь нэг л хүнд ял шийтгэл ногдуулсан. Нөгөө хоёр нь ямар хүн байсан нь одоо болтол тодорхойгүй байна. Би телевизийн нэвтрүүлэгт орохдоо энэ тухай ярьсан. Гэтэл аравдугаар сарын 28-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-өөс “Цагдаагийн байгууллагын ажилтан алба хаагчдын нэр хүндэд удаа даргаа халдаж, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэж байна. Энэ бүгдийг дотоод хяналт шалгалтын алба шалгана. Шалгаад батлагдахгүй бол энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэсэн.

Тиймээс би тэвчихээ байгаад өнөөдөр олон нийтэд хандаж байгаа минь энэ. Миний хүүхдийг ил алсан. Гэтэл намайг далд аргаар алах гэж байна. Надаас хэн ч уучлал гуйгаагүй байгаа хэмээн сэтгүүчдэд мэдээлэл өглөө.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хошууч Б.Баатархүү “Иргэн Д.Мөнхжаргал хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль зөрчсөн гэж мэдээлсэн. Тиймээс уг асуудлаар Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгалт хийгдэж байгаа. Одоогоор шалгалтын хариу гараагүй байна" гэсэн юм.

 

 

Х.Даваа