Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөн борлуулах гэсэн үйлдэл тасрахгүй гарах болсон.

Ойрын баримтыг дурьдвал, өнгөрсөн амралтын өдөр хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг цагдаагийн газраас шалгажээ.

Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан аж. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх бүр өссөн үзүүлттэй гарчээ. Хуурамч мөнгөн дэвсгэрт гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай.

Хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн, хуурамч мөнгө гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хуулийн 176.1-р зүйл заалтаар “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашиглаж борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сараар баривчлах эсхүл 2-5 жилээр хорих ялаар шийтгэнэ.

Энэ хэргийг давтан буюу бүлэглэж урд нь мөн шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тухайн этгээдийн эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно гэж хуулинд заасан байдаг. Хэрэв мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдсэнийхээ хэрээр хөрөнгөжсөн бол бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоно хэмээн хуулинд заажээ.

 

Х.Даваа