“Соёмбо” академийн ерөнхий захирал А.Санжмятав

 

-“Соёмбо” академи боловсролын салбарт ямар хувь нэмэр оруулж байна вэ?

-Хүн бүр амжилтад хүрэхийг хүсдэг. Та ч мөн адил. Гэтэл бодсон бүхэн нь биелэж өгөхгүй, ярьсан бүхэн хэвэндээ яг л хашин морь шиг газар хороохгүй байх тохиолдол хүн бүхэнд учирдаг. Тэгвэл мориноосоо хурдан давхиж болно, аль эсвэл морио хурдан дугуйгаар сольж болно гээд хүн бүхэнд хурдан явж амжилтад хүрэх ухааныг таниулахад манай академийн гол зорилго оршдог. Өөрөөр хэлбэл, өнөө цагт дутагдаад байгаа шинэ санааг хүн бүрт олгож амжилтад хүрэх замыг нээж өгнө гэсэн үг.

 

-Та шинэ санаа гэж ярилаа. Чухам ямар санаа вэ?

-Цаг хугацаа, мөнгөө хэмнэж мэргэжилтэй болох, одоо ажиллаж байгаа мэргэжлээ сольж Хүний нөөц-Сэтгэл судлал, Бизнесийн удирдлага-PR, Төрийн удирдлага- Эрх зүй, Санхүүгийн удирдлага-Нягтлан бодох бүртгэл, Нийгмийн ажилтан-Төрийн захиргаа, Гадаад худалдаа- Гаалийн удирдлага, Аялал жуулчлал-Бизнесийн харилцааны аль нэг ангид суралцаж хос мэргэжилтэй болно. Ангиа сонгож, гурван сар суралцана. Эхний нэг сар дээрх бүх ангийн хичээл орж аль мэргэжил өөрт тохирохоо сонгоно. Дараагийн нэг сар нь сонгосон ангидаа суралцана. Үлдсэн нэг сард нь практик дадлага хийгээд төгсөнө. Энэ хөтөлбөр нь мэргэжлээ зөв сонгох боломжийг бүрдүүлж байгаагаас гадна өөрийгөө ямар төвшинд явж байгааг мэднэ. Зарим хүн мэргэжлээ буруу сонгосноос шалтгаалан дөрвөн жилийн дараа дахин суралцдаг. Өөрөөр хэлбэл, оролцоон дээр суурилсан, чадамжид тулгуурласан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Тухайлбал, багш суралцагч хоёр хамт­раад асуудлыг шийдэх гарцыг нээж түүнийгээ байгууллагуудад хэрэг­жүү­лэх жишээтэй. Энэ бол манай академийн нийгэмд оруулж байгаа бодит хувь нэмэр юм.

 

-Сурч байгаад ангиа сонгоно гэдэг их таа­лагдлаа. Тэгвэл олон талын мэдлэгтэй болж төгсөнө гэж ойлгож болох уу?

-Та зөв хэллээ. Тухайлбал шинээр компани байгуулаад санхүү, хүний нөөц, сэт­­гэл судлаач, мар­кетингийн менежер, хуульч хүмүүсийг ажилд аваад цалинжуулна гэдэг хэцүү асуудал. Ийм үед манай сургуульд сурсан мэдлэг гарц болно. Нөгөө талаар нягтлан бодогч мэргэжлээр төгссөн оюутан хүний нөөцийн мэргэжлээр хөрвөн ажиллах чадвартай болно. Яагаад гэвэл суралцаж байх хугацаанд нь энэ хичээлүүд бүгд орно.

 

-“Соёмбо академи”-ийн багшлах боловсон хүчний бодлого ямар вэ?

-Бид оюутнууддаа заасан хичээлээ амьдралд шууд хэрэглэх боломжийг олгож өгдөг. Тогооны өрмөө шинээр нь шинэхэн талхан дээр тавьж идэх ухааныг заана. Энэ бодлогод багш нар маань өөр өөрийн арга барилаар хувь нэмрээ оруулдаг. Хамгийн чухал нь амьдрал үзэж, олон хүнд хамгийн багадаа 10 жил багшилсан хүн хичээл орж байгаа учраас хичээл бодит үр дүн үзүүлдэг. Тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг, залуу багш нарын баг бүрдүүлж чадсандаа баяртай байдаг.

 

-Тэгвэл хүмүүс та бүхний энэ санааг амьдралд хэрхэн ашиглаж үр дүнд хүрч байна вэ?

-Таныг хэлдэг энэ санааг л бид эрхэм зорилгоо болгож байгаа юм. Ярих нэг хэрэг боловч хэрэгжүүлэх хамгийн чухал юм. Сурч байх хугацаандаа дадлага хийгээд ажилд орсон хүмүүс маш олон байна. Мөн суралцаж байгаа анги хамт олноосоо ажлын санал авах, өөрийн шинэ бизнес эхлүүлсэн хүмүүс их. Ингээд бодохоор Харвард, Монгол Улсын их сургууль төгссөн гэдгээс үл шалтгаалан олсон мэдлэгээ алт болгож хувиргах, амьдрах, хөрвөх чадвар энэ нийгэмд илүү үгүйлэгдэж байна.

 

-Та хүн бүрт өвөрмөц санаа, өөрчлөлтийг өгөх тухай ярьж байна. Өөрчлөлт гэж чухам юу вэ?

-Өөрчлөлт бол өөрийгөө таниад хүч чадлаа 100 хувь ашиглах ухаан гэж боддог. Өөрийгөө ашиглаж ча­далгүй хэн нэгнээс хэт хамааралтай болж, элсэн цөлд усгүй ангаж яваа аялагчийн дүр бол өөрчлөлтийг хийж чадахгүй байгаа хүн. Ийм учраас бид өөрийгөө тоох ёстой. Бид бол хямралтай Монголын хямралгүй толгой юм. Эргэн тойронд олон залуу алсын аянд жин тээж байна. Удахгүй жингийн ахлагч болж Монголын бодлогод нөлөөлнө. Бид ийм үүрэгтэй учраас өөрийгөө үл тоож болохгүй.

 

-Залуучууд маань Монголын ирээдүй учраас хүн бүр алсыг харах хэрэгтэй байна. Гэтэл төр, засаг маань залуучуудаа харж байна уу?

-Эсрэгээрээ залуучууд нь төрөө харах ёстой гэж би боддог. Бүгдийг төр харах ёстой гэвэл бидний нас хүрэхгүй, гомдол хэзээ ч тайлагдахгүй. Энэ хорвоо ертөнцийн асуудал дуусашгүй их учраас асуудал мөнхөд үргэлжилнэ. Тийм учраас залуу хүн бүр хийж байгаа ажил бүртээ эзэн болж, амжилт гаргавал төр улам их алсыг харах байх. Тэгэхгүй том, жижиг хүн бүрийн асуудлыг шийдэх гэж явсаар төр маань том асуудлаа бууцан дээрээ орхиж нүүсээр байна.

 

-Академийг төгссөн залуус Монгол орныхоо өнцөг булан бүрт ажил­лаж, амьдарч байна. Таны сэтгэлийг огшуулсан баярт мэдээ олон дуулгана биз...

-“Соёмбо” гэдэг нэр маань өөрөө агуу учраас их хүч ард нь ивээж явдаг гэж би боддог. Тэгээд багш нарын маань мэдлэг чадвар, хамгийн гол нь өөрийгөө залах ухаан нь нийт оюутнуудын маань сайн явах жим нь болдог. Тийм учраас баяртай сайхан мэдээ олон сонсоно шүү.

 

-Сурах гээд бодож яваа хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Шийдвэргүй байдал нь цаг хугацааны хамгийн том дайсан гэж нэгэн мэргэн хүний үг байдаг. Сурна даа гэж шийдвэргүй явсаар байгаад сурч чадахгүй байгаа нь олон. Гэтэл сураад боломжийг атгаж авсан хүмүүс нь амьдралд хожлын нүүдлийг илүү хийдэг. Заримдаа ус хөлдөж урсгалаа зогсоодогтой адил хүн ч бас сууж толгойгоо цэнэглэж, бодлоо цэгцлэх хэрэгтэй. Ингэж чадвал та өөрийгөө өөрөөр харна.

 

-Таны алсын хараа юу вэ. Захирал хүнийг шийдэх олон асуудал ар араасаа хүлээж байдаг шүү дээ?

-Санаа зовоосон олон асуудлаасаа сайн талыг бүтээх ажил нь их гэж боддог. Амжуулах ажил их учраас завгүй л зүтгэж байна. Бид монгол хүний ихийг хийж бүтээх ухаанд илүү хүч нэмэхийг гол зорилгоо болгож ажиллана. Монгол Улс маань дэлхийн бар болно гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.

 

-Хөгжихийн тулд хүнээ яаж хөгжүүлэх ёстой вэ?

-Хүнийг хүн өөрөө л удирддаг. Хүн өлсвөл өөрөө хоолоо иднэ. Тэр хүний өмнөөс бид идэж өгвөл тэр хүн цадахгүй. Түүний нэгэн адил амжилтыг бүтээх хүч хүнд өөрт нь байдаг гэдгийг ойлгуулах чухал. Би “Алдартны соёрхол” гэдэг ном гаргасан юм. Энэ номонд Монголын алдартай 200 хүн орж амжилтанд хүрсэн үгээ өөрийн гараар бичиж өгсөн. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”,”Бүх зүйл өөрөөс шалтгаална”, “Та өөрөө л хичээ” гэсэн утгатай олон үг тэнд бий. Үүнээс үзэхэд амжилт бүхэн өөрийн гарт нь байдаг. Үүнийг л бид олон талаас залуучууддаа хүргэж мэргэжилтэй, ажилтай болгохыг зорьж байна.

 

- Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сурахыг хүссэн хүн Соёмбо академтай яаж холбогдох вэ?

-Багшийн дээд сургуулийн зүүн талын Сонор плаза төвийн 703 тоот, 98440944, 98110944 холбогдож болно. Эрдэнэт салбар-99554941, Өмнөговь салбар-89226631, Дархан салбар-95271144, Дорнод салбар- 99071417

 

 

Ц.ГЭРЭЛ