Манай улсын эдийн засаг хүндрэлд орж, улсын төсөв таван хувийн алдагдалтай гарсан. Он дуусах ойртож буй энэ цагт төсвийн тодотголоо баталсан. Ирэх оны төсөв дээр энэ оны алдагдал дарамт болох вий дээ гэсэн болгоомжлол хэн хүнд бий болгов. Учир нь сар хүрэхгүй хугацаанд төсвийн алдагдал 167.3 тэрбум төгрөгөөр буюу 867.3 тэрбум болж тэлсэн.

Орон сууцны үнэ буурсан хэмээн сар болгон тоон үзүүлэлт гаргаж байгаа хэдий ч худалдан авагч алга. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан ч иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэх байгааг наймаачид учирлах болсон. Тэгэхээр бэлэн мөнгөний хомсдолд орсон гээд хэлчихэд буруутахгүй байх. Бэлэн мөнгө моодонд орох цагаар нийтлэлийг уншсан бол яг л дээрхтэй адил үйл явдал хаа сайгүй тулгараад байгаа аж.

Үүнээс улбаалж мөнгөнд шунахай нэг нь гэмт хэрэгтэн болж байна уу гэлтэй хэргүүд ар араас гарсаар... Тухайлбал, нас барсан иргэдийн нэрээр Нийгмийн даатгалын ажилтнууд улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа билээ. Уг хэрэгт нас барсан 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа юм.

Иргэдийн хувьд өөд болсон хүмүүсийнхээ бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн албаны ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй байжээ. Тэд арилжааны банкуудтай хувилдан талийгаачдын тэр дундаа ахмад настны тэтгэврийг жилээр нь зээл хэмээн авдаг байжээ. Эл хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Нийгмийн даатгал, арилжааны банкуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Улсад онц хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу шалгалтын ажлыг хөдөө орон нутаг, нийслэлийн хэмжээнд хийж байна. МХЕГ-аас шинжээчдийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээлэл худлаа. Манай дээр бол нэлээн олон тэрбумын асуудал яригдан, шалгагдаж байна. Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна” хэмээлээ. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас "140 сая төгрөгийн хохирол учруулсан байсныг тогтоон буцаан барагдуулж дууссан" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Үүнээс гадна ирэх онд зээлээ төлж чадахгүйд хүрч эдийн засаг маань 2020 он хүртэл өндийхгүй гэв. Энэ тухай Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр "Би 2020 оноос нааш эдийн засаг маань өндийхөд хэцүү боллоо гэж бодож сууна" гэлээ. Юу гэвэл, улсын төсөв маань эдийн засгийн даацаасаа хэтэрч, сүүлийн 8-9 жил дандаа архаг алдагдалтай явж ирлээ. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлага төлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо. Нөгөө талаас, өр зээлийн асуудал байна. Эрх мэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж, Монголын өр одоогийн төр, засгийнхны хүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. ДНБ-ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийн юм уу, Украины араас ороход бэлэн болчихоод байна. Украины өр бас ч гэж манайхыг бодвол бага юм шүү дээ. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос Монгол Улс өрөө төлж дийлэхгүй байдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйд түүнтэй өрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байгаа юм хэмээн онцолжээ.

Эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг "Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийн үнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас гарна уу гэхээс биш гаднын хэн нэгэн баян ирж Монголыг өөд татах тухай асуудал байхгүй. Иймэрхүү үлгэр ярьж байгааг эдийн засгийн алуурчдын сүүлийн үед Монголд хэрэгжүүлж байгаа номлол гэж үзэх хэрэгтэй. Үүнийг бид гэтлэх ёстой" гэв.

Зээл, тусламж авч "Хүндэрсэн эдийн засгаа аврах биш" бүр хүндрэлд оруулсан Шийдлийн засгийн газрынхан юу бодож суугаа бол доо. Хоёр толгойгоо дахин хөдөлгөх хүчээ болгож байгаа ч алс хэтээ бодохгүй бол 2020 онд хүртэл энэ байдлаараа тэсч үлдэх үү гэдэг нь тун эргэлзээтэй байна. Төрийн албан хаагчид нь хүртэл нас барсан иргэдийнхээ нэрийг барьж хулгай хийж байхад яаж эдийн засаг нь сэхэх билээ дээ. Тэгэхээр энэ бүгд эдийн засгийн хүндрэл лай ланчиг нь юм уу даа. Энэхүү ланчиг аа яах гэж байна даа Шийдлийн Засгийн газрынхан!!!

 

Х.Даваа