Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар болсон байна. Энэ талаар Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэйгээс тодрууллаа.

-Залуучуудын хөдөлмөрийн бирж Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан залуусыг ажилд зуучлахаар болсон тухай мэдээлэл авлаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ оны 8 дугаар сараас эхлэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр олон өдөр яригдан, Ерөнхийлөгч хориг тавьснаар нийгэм бүхэлдээ өршөөлийн хуулиар амьсгалсан. Тэгвэл энэ өршөөлийн хууль батлагдаж, 3000 орчим хоригдол 11 сарын 5-6-ны өдрүүдэд суллагдлаа. Тэдгээрийн 1700 гаруй нь суллагдаж, үлдсэн нь хугацаагаа хөнгөлүүлсэн. Өөрөөр хэлбэл 1700 хүн ард иргэдийн дунд, нийгмийн амьдралд орж байна гэсэн үг. Тэгэхээр Өршөөлийн хууль батлагдахаас өмнө Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж эдгээр иргэдийг нийгэмшүүлэх тал дээр тусалж дэмжье, чиглүүлье, сургалт зохион байгуулъя гээд ШШГЕГ-тай хамтран ажиллаж, тодорхой мэдээллүүдийг авч байсан. Суллагдаж байгаа 1700 хүний дийлэнх хэсэг нь 16-39 насны залуучууд байсан бөгөөд мэргэжил эзэмшиж, чадах зүйлээрээ ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой залуус олон байна. Тиймээс бид эдгээр залуучуудыг сургаж бэлтгэх, нийгэмшүүлэх, ажилд зуучлах ажлыг зохион байгуулна.

-Эдгээр хүмүүсийг ямар байдлаар ажилд зуучлах вэ?

-Нийт суллагдсан хүмүүс харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн газарт бүртгэлтэй, тодорхой хугацаанд хяналтанд байдаг юм билээ. Тийм учраас цагдаагийн байгууллагатай хамтраад судалгаа явлууж үнэхээр нийгэмшиж, тогтвортой ажиллаж чадах чин хүсэлтэй залуусыг ажилд зуучилна. Амьдралдаа алдаж ял эдэлсэн гэдгээрээ сөрөг боловч тэдгээр залууст бас давуу тал олон бий. Магадгүй илүү сайн цаг баримталдаг, удирдах удирдуулах, хүний үг сонсох гэх мэт сурч мэдсэн давуу тал байж болох юм гэдгийг бид ч ажил олгочид ч хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр ажил олгогч байгууллагуудад бид хүсэлт тавьж тэдгээр залуучуудыг батлан даагаад ажил эрхлүүлэх боломж байна. Мөн хорих ангиас суллагдсан ч хэрхэн ажил хийж амьдралаа үргэлжлүүлэх талаар мэдэхгүй байгаа залуучууд байвал Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр ирээрэй. Бид энэ хүн хорих ангиас суллагдсан гэж ялгахгүйгээр ажилд зуучлахад бэлэн байгаа. Мэдээж хувь хүний нууц мэдээллүүдийг нууцалж ажиллана.

-Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр одоогоор ямар ажлын байрууд байна, хүмүүжигчдийн хийх боломжтой ажлууд нь ямар ажил байна вэ?

-Долоо хоногт дунджаар 300-500 цагийн ажлын байр, 500 орчим байнгын ажлын байр нээлттэй байдаг. Нарийн мэргэжил шаардсан, нүүр царай, зан харилцаа ажилд нь нөлөөлдөг ажилд хорих ангиас суллагдсан хүмүүсийг ажиллуулахад жаахан төвөгтэй. Тиймээс бид туслах ажилтан юмуу, улирлын чанартай маш олон ажлын байрууд Монголд бий. Дээрээс нь уул уурхай, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарт хүн хүч хэрэгтэй болдог. Тиймээс хавар мал төллөлт, намар ургац хураалт, томоохон үйлдвэр, төмөр зам, барилга болон засварын ажилд эдгээр залуучуудыг ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа. Мөн эзэмшсэн мэргэжил байхгүй бол МСҮТ юмуу мэргэжил олгох байгууллагуудад хандаад үсчин, засварчин болон бусад мэргэжлээр сургаад ажилд зуучлах боломж байна.

-Ажилд зуучлахдаа ямар нэгэн гэрээ байгуулах уу? Эсвэл батлан даалт ч юм уу?

-Үүнийг бид ШШГЕГ, ЦЕГ, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд санал тавьж, хамтран аль болох боломжтой талаас нь зохион байгуулна. Мэдээж бид шууд тэр хүмүүст итгэж найдаж болохгүй эрсдэлтэй учраас тодорхой шалгуурууд тавьж, тэдгээрийг хангах юм бол ажилд зуучилна. Бусад яахаа мэдэхгүй, зорилго нь тодорхойгүй байгаа залуучуудыг хувь хүний хөгжлийн чиглэлээр тодорхой сургалтуудыг зохион байгуулна.