2015 оны Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" уриатай тэмдэглэсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо. Нийт 25 мянган ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11 мянга 340 зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгосон юм.

Үүнээс гадна аймгийн төвийн 55, нийслэлийн 97, сумын 473 нийт 625 сургууль, 271 эмнэлэг шилэн кабель бүхий интернэтэд холбогдоно. Ингэснээр сурагч, багш хоорондоо мэдээлэл түргэн шуурхай дамжуулах контентуудыг сургалтдаа ашиглах боломжтой аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкмэний багийн хийсэн “Ирээдүйд чиглэсэн шийдлийг санхүүжүүлэх нь” сэдэвт судалгааны үр дүнд чанартай боловсролыг хүүхэд бүрт хүргэхэд зориулсан хөрөнгө оруулалтын нэг доллар эргээд 13 доллар болж өсдгийг баталсан байдаг. Энэ төсөл 13 доллар байтугай өсч, хөгжил, үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.

Мөн "1996 онд би анх зөөврийн компьютертэй болсон нь дурсамжтай сайхан өдрүүдийн минь нэг байсан. Ийм сэтгэгдэл өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж буй багш нарт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.