Монголчууд эрт, эдүгээгийн аль ч үед хөх тэнгэртээ сүсэглэн залбирч эх нутаг, газар шороо, туурга тусгаар улс гэрийнхээ төлөө нэгэн биений зовлон, жаргалыг умартан, амь хайргүй тэмцэж ирсэн баатарлаг, дайчин уламжлалтай ард түмэн билээ.


Монгол Улсын түүх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь замнал, баатарлаг дайчин үйлстэй салшгүй холбоотой.


Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Эх орноороо, их түүхээрээ, Эзэн Богд Чингис хаанаараа бахархах, Монгол хүн болж төрснөөрөө омогших өдөр юм. Тиймээс монголчууд бид элэг нэгтнээ, бие биенээ энэрэн хайрлах, өв соёл, буурал түүх, эх орон, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, хийсэн бүтээснээр нь бахархах өдөр.


Элэг нэгт Монгол түмэндээ Эзэн Богд Чингис хааны 853 жилийн ойн мэндийг хүргэхийн сацуу Монгол түмний нэг, мянганы их хүн Чингис хааны үр сад хэмээгдэх эрхэм алдрыг зүүх ховорхон завшаанд тань баяр хүргэе.