"Эрдэнэс Тавантолгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатахыг завдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулан өнөөдөр Иргэдийн шударга шүү, Хөх монгол босоо бүлгэм, "Эв санааны нэгдэл", "Эрдэнэс Тавантолгой" компанийн ҮЭ-ийн ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

"Хөх монгол босоо бүлгэм"-ийн тэргүүн Д.Гансүрэн "Бид нар хамгийн нэгдүгээрт үндэсний эв нэгдлийг сахих ёстой, Монгол улсын тогтвортой байдлыг бодолцоно. Гэхдээ бидний асуусан асуулгад дүлий царайлаад төр дуугарахгүй байвал бид дараа дараагийнхаа тэмцлийг ямар ч хэлбэрээр илэрхийлж болно. Ямар нэгэн байдлаар ард түмнийг хооронд нь хагаралдуулах, тусгаар тогтнолоо сарниулах хортой үйлдлүүлдийг аль болох хийхгүй байхыг хичээнэ. Төр засаг харин цочоотой байгаасай гэж бодож байна. Хэрвээ цочрол авахгүй байвал 1992 онд хууль зөрчиж хийсэн шиг л хариу барина. Хуулийн хүрээнд үл тоох, үл ойшоох гэсэн заалт бий. Өөрсдөө үл тоож хууль зөрчиж байвал бид хууль зөрчихөөс арга байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тус хуралдааны үеэр "Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.

-Хэвлэлийн хурал хийх болсны учир?

-"Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийллээ. Үүнийг Монголын ард түмэн зөвөөр ойлгоосой. Төр засгийн үзүүлсэн хариу үйлдэл нь маш мунхаг байлаа. Тиймээс бид нар энэ асуудал дээр дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гээд нэгдэж өнөөдрийн хурлыг хийсэн юм.

-С.Эрдэнэ гуай өмнө нь та нартай уулзаж байсан уу?

-Өөрийгөө ингэж золиослохоосоо өмнө бид нартай уулзаж байсан. Уулзахдаа Монгол улсад хөдөлмөрлөх эрх гэдэг бол үндэсний аюулгүй байдлын баталгаа юм шүү. Иргэд нь ажилтай, орлоготой байж улс орон маань сайхан байна. Тийм болохоор бид хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ёстой гэсэн. Түүнээс биш та нар нийлээд тэмцээд босоорой гэсэн зүйлийг бол хэлээгүй. Ерөнхий сайдын хэлсэн шиг хүчирхийлэлд уруу татсан зүйл огт байгаагүй. Энэ хүний үйлдлийг гүтгэж, доромжилж байгаа нь тэнэг хэрэг л гэж хэлье.

-Ерөнхий сайдыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байгаа юм уу?

-Маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Хүчирхийлэлд уриалан дуудсан. Хэн хүчирхийлэлд уриалан дуудсан юм. Тагнуул, цагдаа, онцгой байдал зэрэг маш олон хүмүүсийг амралтын өдөр цуглуулж " өөрийгөө шатаах нь амиа золиослохтой адил. Энэ нь эх орноосоо урвасан гэмт хэрэг" гэсэн больчимгүй мэдэгдлийг бид зүгээр хараад суухгүй ээ.

-Эх орноосоо урвана гэж юуг хэлэх вэ?

-Эх орноосоо урвана гэдэг чинь төрийн түшээдэд байдаг гэмт хэрэг. Сонгуулийг будлиантуулах, төсвийн мөнгөнөөс хулгайлах, завших энэ чинь өөрөө эх орноосоо урвасан гэмт хэрэг ш дээ. Өөрсдөө эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдэж ард түмнийг ийм ядуу дорой болгочихсон. Харамсалтай нь өнөөдөр ард түмнээ орхиод өөрсдөө болохоор хагартлаа баяжаад, долларын тэрбумтнууд болтлоо дэндийтлээ таргалсан. Ард түмний амьжиргааны түвшин буурч, доройтож байна. Үүнийхээ бурууг өөрсдөөсөө хайхгүй. Ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо хүргэсэн хүнийг урвагч гэж нэрлэж байгаа нь хол андуурал гэж хэлье. Иргэдийн шударга шүүхээс энэ С.Эрдэнэ гэдэг хүнийг өмөөрнө. Цаашдаа ч өмөөрөх болно. Монголын ард түмэн энэ хүнийг зөв ойлгож, эв нэгдэлтэй байх ёстой. Хэн нэгнийхээ зовлон бэрхшээлийг тохуурхах хэрэггүй. Энэ хүнийг сайн таньж мэдсэнийхээ дараа доромжлох нэг нь доромжилно биз ээ. Харин юуг нь ч ойлгоогүй байж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хүнийг доромжилж байгаа үйлдлийг зүгээр хараад суухгүй ээ гэж хэлмээр байна.

-Эрдэнэс Тавантолгойн зүгээс С.Эрдэнэ гуайг шүүхэд хандах бүрэн боломж байсан гэж мэдэгдсэн. Яагаад шүүхэд хандаагүй юм?

-Шүүхэд хандахад гэрээ байх ёстой. Гэтэл гэрээ нь байхгүй олдож өгөхгүй байгаа юм. Одоо энэ маргаад байгаа ажилчдыг шилжүүлээд байгаа асуудлын талаар шүүхэд хандая гэхээр бичиг баримт хэрэгтэй. Гэтэл гэрээ нь монгол хэл дээр байхгүй олдохгүй нэг инээдтэй явдал болоод байна.

-Гэрээг хэн хийсэн юм бол?

-Эрдэнэс Тавантолгой нэг талаас, нөгөө талаас тэр Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд нь хийсэн байж таарч байгаа юм. Тэр компаниуд нь Монголд бүртгэлтэй байгаа. Тэгсэн хэрнээ үндсэн хуулинд заасны дагуу эх болсон монгол хэлээрээ гэрээ хийгдэхгүй байгаа нь маш их харамсалтай.

-Ажилчдыг халахаар болсон уу?

-Хална гэж удирдах зөвлөлөөс шийдвэр нь гарсан мөртлөө хийгээгүй байгаа юм байна лээ. Ер нь 200 гаруй хүн хална гэдэг маань хөдөлмөрийнхөө хуулинд хамтын гэрээ байгуулж байж хийх ёстой ажил л даа. С.Эрдэнэ ээ гуай энэ хамтын гэрээгээ байгуулаад хуулийнхаа дагуу явья гэж шаардсан. Энэ хүмүүсийнх нь хийдэг ажил нь өөрчлөгдөхгүй. Зөвхөн цалин тавьдаг компани нь солигдох гээд байгаа юм. Үнэхээр ингэж солигдох шаардлага байна уу үгүй гэдгийг судлах хэрэгтэй.

Ардчилсан нам өдрөөс өдөрт яагаад ийм мунхаг үйлдэл хийгээд байгаа юм. Үүнийг нь маш их гайхаж байгаа. Монгол хүн эх орондоо ажилтай амьжиргаатай яагаад байж болохгүй байна. Нэг сонин тоо хэлэхэд Эрдэнэс тавантолгой 600 орчим ажилчинтай. Тэрнийх нь 200 орчим нь оффис, 200 гаруй нь уул уурхай дээр ажилладаг. Уул уурхай дээрээ ажилладаг хүмүүсээ өөр тийшээ нь шилжүүлээд оффис ажилчид нь зүгээр үлдэж байгаа юм. Цомхотгол гэдгийг би оффис бичиг цаасны ажлаас эхлэх байх гэж ойлгодог. Тэгэхлээр ямар учиртай 200 хүн оффист ажиллаад байдаг юм. Ингээд судлаад байвал их тоо баримт гарна. Ажилчдын ярьж байгаагаар бол ихэвчлэн их хурлын гишүүдийн хүүхэд, өмнө нь гишүүн байсан, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн хүүхдүүд ажилладаг гэдэг. Нэг ёсондоо манайх төрлийн компани гээд инээлдээд ярьж байгаа залуус байна. Уг нь энэ компанийг бид ард түмний компани гэж ойлгодог.

Өр зээлгүй хүн гэж байхаа больсон. Бараг 1924 оны анхны үндсэн хуулийг бид нар эргэж мөрдөхөөр нөхцөл байдал үүсээд байна. Олон хэсэг талцаж хуваагдсан. Юу үнэн, юу нь буруу гэдгээ ялгахаа больчихсон. Хууль нь зарим хүмүүст нь хэрэгжиж, нөгөө хэсэгт нь хэрэгжихгүй ийм шударга бус хачин нийгэмд амьдарч байна. Үүнийг л өөрчлөхийн төлөө намд хуваагдахгүйгээр Монголчууд бид эв нэгдэлтэй байж бодит эрх ашгийнхаа төлөө нэгдэх зайлшгүй шаардлага гарч иржээ.

-С.Эрдэнэ гуай өмнө нь удирдах албан тушаалтнуудтайгаа уулзаж байсан юм болов уу?

-Зөндөө уулзсан гэсэн. 2011 оноос хойш өргөдөл, гомдол өгч явсан байна лээ.

 

Х.Даваа