news-image

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сая би Бор-Өндөрт очоод ирлээ. Тэнд Дэлхийн банкны төслөөр байшин бариулсан юм. Хамгийн сүүлд “Гадна тохижилтынх нь мөнгийг гаргаж өгөөч” гэж уйлаад байхаар нь ёсоор болгосон.Тэнд дөрвөн шүүгч байна, хоёр жийп машин аваад өгчихөж. Ерөөсөө эд зардлаа ингэж л нэмээд байгаа юм. Гэтэл тэнд дөрвөн шүүгч хоёр машинаар яваад байх ажил юу байдаг юм” хэмээн ярьжээ. Гишүүн юуны учир, ямар зорилгоор тус шүүхтэй хэрхэн танилцсан тухай Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжаваас тодрууллаа.

- Ц.Нямдорж гишүүн танай шүүхийн үйл ажиллагаатай танилцсан тухай тодруулахгүй юу?

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх дээр Ц.Нямдорж гишүүн албан ажлаар манай шүүгч нар болон шүүхийн захиргааны нэг ч ажилтантай уулзаагүйг Тамгын газрын даргын хувьд албан ёсоор хэлье.

Ц.Нямдорж нь 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу амралтын өдөр Монгол Ардын Намын ажлаар хоёр дуучин дагуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж, шүүхийн байрыг гаднаас нь харчихаад явсан гэж би сураг сонссон.

Тухайн өдөр нь хуулиар амралтын өдөр учраас бид амарч байсан. Намын ажлаар сумаар явахдаа шүүхийн байгууллагын шүүгч, ажилчидтай уулзаж нэг үг ч солиогүй байж шүүхийн ажил байдал, нэр хүндийг ийнхүү улс төржүүлж байгаад нь би туйлын их харамсаж байна. Би шүүгчээр ажиллаж байсан, 35 жил шүүхтэй амьдралаа холбож яваа хүн. Шүүх бол улс төр биш. Нэр хүндээр нь улс төр хийж болохгүй. Бодит байдлыг мушгин гуйвуулж, олон нийтэд шүүхийн тухай ор үндэсгүй, ташаа мэдээлэл өгдөг хууль тогтоогч байна гэхэд би ахмад хуульчийн хувьд гайхаж байна.

- Дөрвөн шүүгч 2 машинаар юу хийдэг тухай ярьсан байна. Үнэхээр хэрэгцээнээс илүү машинууд уу?

- Манайх 1999 онд үйлдвэрлэсэн HILUX маркийн нэг машинтай. Энэ нь актлагдсан. 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Prado маркийн нэг автомашин өгснийг одоо шүүн таслах ажиллагаанд хэрэглэж байна. Бодит байдал дээр манай шүүх Хэнтий аймгийн 4 сумыг хамран шүүн таслах ажиллагаа явуулж ажилладаг. 4 сумдын хооронд бид энэ машинаар явж ажил үүргээ гүйцэтгэдэг. Бидэнд илүү хэрэгцээний унаа тэрэг байхгүй. 2014 оныг 2015 оны мөн үетэй харьцуулахад эрүү болон иргэний хэргийн шийдвэрлэлт тоон үзүүлэлтээр өссөн байна. Дөрөвхөн шүүгчийн орон тоогоор бүхэл бүтэн шүүхийг харж болохгүй. Шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд ороод хуулийн дагуу энд шүүхийн үйл ажиллагаа явагдаж байгаа.

- Та бүхэн үнэхээр шүүхийн гадаад тохижилтын мөнгө гуйж уйлсан юм уу?

- Манай шүүхийн шүүгч, ажилчид Ц.Нямдоржоос уйлж байгаад мөнгө гуйсан хүн байхгүй. Гадаад тохижилтоо шүүгч, ажилтнууд өөрсдийн гараар хэдэн тонн чулуу шороогоо зөөж хаяж байж засч тохижуулсныг сум даяараа мэднэ. Та бүхэн ирээд бодит байдлыг өөрсдийн нүдээр харж болно. Гишүүн өөрөө Шүүхийн ерөнхий зөвлөлийг толгойлж байсан гэдгээ хэлсэн байна. Уг нь шүүх засаглалын үйл ажиллагааг гадарламаар санагдах юм. Сүүлийн 3 жилд шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарт баригдаж, нүдэнд харагдсан ажлууд их хийгдлээ. Үр шимийг нь шүүгчид хүртэж байна. Үүнийг үгүйсгэж болохгүй.