Байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт СӨХ-тэй холбоотой гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байнга ирдэг бөгөөд өнгөрсөн 4,5 дугаар сард Нийслэл хотын хамгийн их СӨХ-тэй хороо болох Баянгол дүүргийн СӨХ-уудад хяналт шалгалт, судалгааны ажлыг хийсэн билээ.

Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг, завгүй байдлаас иргэд СӨХ-ийнхөө үйл ажиллагаанд тогтмол оролцож амжихгүй, төлбөр мөнгөний асуудал тодорхой бус байгаагаас оршин суугчид болон СӨХ хоёрын дунд үл ойлголцох асуудал гарсаар байна.

Дээрх ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын санаачилгаар Сууц өмчлөгчдийн холбоодыг дэмжиж, үйл ажиллагааг нь ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо гээд СӨХ-тэй холбоо бүхий асуудлуудын мэдээ, мэдээллийг ойлгомжтой байлгах үндсэн дээр МАНАЙ СӨХ facebook хуудсыг нээж өгөх арга хэмжээ болов.

Энэ хүрээнд тус дүүрэгт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн маш үр бүтээлтэй ажиллаж байгаа “Сенатор”, “Мажестик” СӨХ-үүдийн үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгөхөөс гадна дээрх туршлага уг дүүрэгт амжилттай хэрэгжиж чадвал цаашид Нийслэлийн бүх дүүргийн СӨХ-үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Дашрамд дурдахад та facebook хаягтай л бол өөрийн СӨХ-ны нэрийг латинаар бичихэд гарч ирэх бөгөөд ингэснээр та өөрийн группдээ нэгдэж боломжтой болох юм.

Т.Буянаа