2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн тогтоолд “…тус банкийг хувьчлагдахаас өмнө Ц.Чимэдцэрэн нарын учруулсан 13.5 тэрбум төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн хороонд, хувьчлагдсаны дараах 700 сая төгрөгийн хохирлыг шинэ худалдан авагч Хадгаламж банкинд тус тус олгуулах…” гээд “…Иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Төрийн өмчийн хорооноос 13.5 тэрбум төгрөгийг гаргуулж хохирогч Хадгаламж банкинд олгосугай” гэжээ.

Банкийг луйвардсан уг хэрэгт 12 хүн оролцсон байдаг. Тэдгээрийн дотор Ц.Чимэдцэрэнгээс тухайн үед Хөвсгөл аймагт болсон УИХ-ын нөхөн сонгуульд фургон автомашин хандиваар авсан УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх байлаа. Анхан шатны шүүх түүнд 5.1 жилийн ял оноож, 3 жилийг нь Өршөөлийн хуульд хамруулсан бөгөөд удалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Ц.Чимэдцэрэн нарын хулгайн эхний үйлдлүүдийн дараагаар “Хадгаламж” банкийг “Жаст” группын Ш.Батхүү худалдаж авсан байлаа. Ц.Чимэдцэрэн нь хэдэн жил шоронд суугаад гарсан. Харин улсад учруулсан дээрх 14.2 тэрбумын хохирол төлөгдсөнгүй. Лав л Төрийн өмчийн хорооны дансанд 13.5 тэрбум төгрөг нь орж ирээгүй гэдэг. Төрийн өмчийн хороо ч ийм хэмжээний мөнгийг Хадгаламж банкинд төлөөгүй. Хамгийн гайхалтай нь, Хадгаламж банк Иргэний шүүхэд маргаан үүсгэж, өнөөх 13.5 тэрбум төгрөг төлөхийг шаардсан бичгээр Төрийн өмчийн хороог “булж” байв.

2009 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын орлого болох 3.5 тэрбум төгрөгийг данснаас нь шууд татан авчээ. Үүний дараа 9.9 тэрбум гаруй төгрөг буюу дээрх 13.5 тэрбумынхаа үлдэгдэл гэх мөнгөө төлөхийг “Хадгаламж” банкныхан мөн Төрийн өмчийн хорооноос шаадсан юм. Уг нь Төсвийн тухай хуулиараа бол өмч хувьчлалын орлого улсын төсөвт төвлөрөх ёстой. Төрийн өмчийн хороо хулгайч нарын гайгаар Хадгаламж банкны дүрмийн сангийн хэмжээнээс давсан хохирлыг шууд хариуцан барагдуулах үүрэггүй ч гэсэн нэгэнт санхүүгийн хүнд байдалд орсон банкийг дампууруулахгүйн тулд боломжтой бүх арга хэмжээг авсан байв. Сангийн яам ч чардайтлаа зүтгэжээ.

Сангийн яамныхан ямартай л “Эрдэнэт” үйлдвэрийн хадгаламжаас 8 сая ам.долларыг /зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт төлснөөр тооцсон гэж тайлбарладаг/ Хадгаламж банкинд хадгалуулах мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байх вэ дээ. Харин Үндэсний аудитын газраас Сангийн яаманд аудит хийж, тэрхүү мөнгөн хадгаламжийн гэрээний 8 сая ам.долларыг хүүгийн хамт 12.3 сая ам.доллар болгож төлүүлэх акт үйлджээ. Үүнийг нь төлнө, төлөхгүй гэсэн маргаан бас өрнөв.

Ингээд сүүлдээ 4 сая ам.долларыг нь хасахаар тохирч эвлэрсэн бөгөөд бусдыг нь Монголбанкнаас төлж барагдуулсан байна. Гэвч иргэний хэргийн шат шатны шүүх “Хадгаламж” банкны нэхэмжлэлээр Төрийн өмчийн хорооноос өнөөх хадгаламжийн хүү хэмээх 652 839 593 төгрөгийг гаргуулж авахаар болсон нь дахиад л шударга бус үйлдэл болжээ.
Тэгвэл энэ хооронд хэргийн гол эзэн Ц.Чимэдцэрэн цөөхөн хэдэн жил шоронд хоригдохдоо дансандаа баахан мөнгө байршуулчихсан, байнгын эргэлт авдаг, хам хэрэгтэн нөхдүүд нь байнга тансаг эргэлттэй очдог, хоёр, гурван гар утас барьдаг, үнэтэй тамхи баагиулж суужээ. Улс түүний нэр дээр байсан ганц нэг үл хөдлөх хөрөнгө, машин тэргийг хураасныг эс тооцвол улсын хөрөнгө шамшигдуулагч Ц.Чимэдцэрэн учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй гэнэ.

Харин ч өдгөө нийслэл хотын гудамжаар тас хар өнгийн 99-... дугаартай Лексус-570 загварын машин хөлөглөчихсөн, хувийн жолооч–бие хамгаалагч дагуулчихсан манаргаж яваа юм.

Эх сурвалж www.wikimon.mn