Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн их уурхайг стратегийн орд газрын жагсаалтаас хасч АТГ-т шалгагдаж байсан төрийн түшээ бол У.Барсболд.

Тэрбээр Байгаль орчны сайд байхдаа гурван  зөвшөөрлийг Богд уулын хамгаалалттай бүсээс иргэд, компанид олгосон нь илэрч багагүй дуулиан тариад байсан юм.  Түүнийг бизнесмэн гэдгийг найзууд, танилууд нь мэднэ.  Гэхдээ түүний баяжих зам нь Хөшөөтөөс эхлэлтэй гэдгийг учир мэдэх нэгэн нь яриад л байдаг.  Өөрөөр хэлбэл 1971 онд Монгол  улсын төсвөөр хайгуул  хийж Хөшөөтийн ордын нөөцийг нь  тогтоосон байдаг бөгөөд  Хөшөөтын уурхай 2,4 тэрбум тн нүүрсний   нөөцтэй.  Нүүрсний коксжих  чанарын хувьд Тавантолгойнхоос их. Тавантолгойн  ордын нүүрсний илчлэг чанар 6500-7500 ккалор байдаг бол Хөшөөтийн ордынх 7411 ккалор. Яалт ч үгүй  стратегийн орд газарт багтах энэ ордыг стратегийн орд газрын жагсаалтаас хасч,  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтай  “Мон Эн Ко” компанид өгчихсөн байсан юм. ”Мон Эн Ко”  компанийн 51 хувийг БНХАУ-ын дөрвөн иргэн эзэмшдэг бөгөөд хамгийн их буюу 25 хувийг нь Лю Чэн Лин гэдэг Хятадын иргэн эзэмшдэг ажээ.  Тэдгээр хятад иргэд  Монголын баялаг болох Хөшөөтийн ордыг барьцаалан Олон улсын хөрөнгийн бирж дээр 4,8 тэрбум долларын хөрөнгө босгосон түүх саяхнынх. Харин энэхүү Монголын баялагыг худалдсаныхаа төлөө  тэрбээр 100 саяын урамшуулал авсан байдаг юм билээ.

Түүний энэ бүх будлиан дуусаагүй байхад МАН-ын  гишүүнчлэлээ сольж, МАХН-д элсэн  “улс төрийн нам дамжсан янхан” болж  дуулиан тарьсан.  Гэвч тарьсан дуулиан  мөн л сенсаацитайгаар төгссөн.  Өөрөөр хэлбэл МАХН-ын генесекийн тушаалаа өгч, намаасаа хөөгдсөн юм.

 Энэ удаад тэрбээр ээлжит дуулианаа тарьлаа. Тэрбээр Хөшөөтийн уурхайгаас хөлжсөн мөнгөө угаахаар, эсвэл тодорхой хэмжээгээр ашиг олохоор  оффшор данс нээсэн болох нь олон нийтэд ил боллоо.  Бизнес эрхэлдэг хэн ч гэсэн  оффшор данстай байж болно л доо. Гэхдээ төрийн өндөр алба хашиж байсан, Монголын газар шороог Хятадуудад худалдаж ашиг олсон тэрбээр уг дансыг  хятадуудтай хамтран эзэмшдэг байна.  Тодруулбал  У.Барсболд  2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд Их Британийн Виржиний аралд Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компаниа бүртгүүлэн, данс нээжээ.  Ингэхдээ тэрбээр Ли Шиаомин, Ван Лутан гэгчтэй  хамтран уг дансыг  эзэмшдэг болж байгаа юм.

Гадаад орны төсвийг бүрдүүлэхийн төлөө  татвараас зайлсхийж Эх оронч бус үзэл гаргаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?  Муу нэртэй луу данстай хүн, Хятадуудтай хамтран  энэхүү дансыг эзэмшихээ хэрхэн тайлбарлах нь сонин. Ер нь бол манайх шиг орнуудын эсвэл бүүр авлигал хээль хахуульд баригдсан, ядуу буурай удирдагч, бизнесийнхэн булхайтай аргаар олсон мөнгө ийм аргаар оффшор данс нээж мөнгөө аюулгүйгээр нуудаг. Тэгэхээр У.Барсболдыг Монголын баялагыг зарж, хөлжсөн мөнгөө угааж байна гэж хардах үндэслэл хангалттай байгаа биз... Одоогоор зөвхөн нууц данс эзэмшдэг нь ил болсон. Харин хэдэн данстай, хэдий хэмжээний мөнгө орж гарсан зэрэг мэдээлэл одоогоор нууц хэвээр байгаа.  Хөшөөтийг худалдаж, их хэмжээний хахууль авсан эсэх нь түүний нууц дансны мэдээлэл ил болсны дараа мэдэгдэх болно.  

А.Баярмаа