Төрөөс иргэдээ орон сууцжуулахаар дэмжиж олон ажил хийгдэж байгаа гэдгийг өдгөө хэн хүнгүй мэдэж буй. Өнгөрсөн онд олон иргэд байртай болох гэж азаа үзсэн.

Удтал хүлээлт үүсгэсэн “Буянт-Ухаа 1” хороололд байр худалдан авахаар эхний ээлжинд 1764 айлын орон сууц ашиглалтад орж байгаа хорооллоос байр авахаар 9094 иргэн цахимаар хүсэлтээ илгээж, үүнээс 3159 хүн журамд заасан шаардлагад тэнцээгүй хэмээн хасагдаж, үлдсэн 5935 хүний дунд сугалаа явуулсан юм.

Сугалаанд хамрагдсан хүмүүсийн 3159 нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байгаа бол үлдсэн 2740 нь төрийн албан хаагч буюу эмч, багш, цагдаа нар байсанг сануулах болсон учир нь хэдхэн хоногийн өмнө Төрийн Орон Сууцны Корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1,620 айлын орон сууцны барилгын нээлт болж өнгөрөв.

Гэтэл найман хувийн зээлийг зогсооноос үүдэн 200 айл орон сууцтай болж чадсангүй ээ. Энэ тухай "Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаас болоод бидний дунд нь зогсож буй энэ цогцолбор хорооллын 1,620 айлын орон сууцанд шинэ жилийн өмнө орох байсан 1,620 айл шинэ байрандаа орж чадсангүй. ҮХЦ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин ямар хуультай байсан, яг тэр зүйл заалтаар нь сэргээх болно. Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр ипотекийн зээлийн хамгийн чухал хоёр хуулийн гурван заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үүдээд Монголбанк болон бусад арилжааны банкууд энэ зохицуулалтыг дахин хуульчлахаас нааш орон сууцны зээл олгох боломжгүй гэж байгаа. Энэ хороололд байр авахаар зээл хүссэн хүмүүс банканд очсон бол ийм л хариу авч байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хувиар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Найман хувийн зээл зогссоноор ТОСК барилгын материалын үйлдвэрүүдэд өрөө төлөх боломжгүй болоод байна. Түүнчлэн ажилчид нь сүүлийн хоёр сарын цалингаа аваагүй байгаа. Уг нь бол зээл аваад байранд ороход бэлэн болсон 200 айл байсан. Гэтэл 200 айлын 10 тэрбум төгрөг орж ирэх боломжгүй боллоо" гэж З.Энхболд онцлон хэлсэн юм.

Ямартай ч удалгүй найман хувийн зээл өмнөх зээлийн заалтаараа өгөгдөж эхлэх байх хэмээн найдаж сууя даа.