Эх орондоо болж өндөрлөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Улс төрчид сонгуульд ухаанаа алдаж, амь тавин тэмцэлдэж эхэлсэн гэхэд болно. Тэгвэл дээд албан тушаалын сэнтийд залрах зарим нөхдүүдийн найдвар тасарч байгаа бололтой. Тодруулбал, Г.Шийлэгдамба, Х.Баттулга, А.Гансүх нар сонгуульд нэр дэвших хөг нь өнгөрөх үү гэмээр үйл явдал болоод байна. Г.Шийлэгдамбыг яллагдагчаар, Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татаад буй.

Сонгууль хүртэл энэ хэвээрээ байвал тэдний сонгуульд нэр дэвшиж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт яллагдагчаар болон сэжигтнээр татагдсан хүн сонгуульд нэр дэвших эрхгүй.

 

Өнгөрч буй долоо хоногт нийгэмд олны анхааралд байгаа нэгэн хэргийн талаар Цензургүй сурвалжлага хүрэв. Энэ хэргийн цаад эздийг олж, хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй гэж олон нийт хүсч, хэзээ хэрэгтэн олдох бол хэмээн өнөөдөр чих тавин суугаа. Тэгвэл энэ хэрэгт оролцоотой байж болох талтай нэгэн эрхэмийн талаар ийн өгүүлжээ.

Өмнөговийн цагдаа нар болон Б.Чойжилсүрэн гишүүнийг сэжигтнээр татан шалгаж үзсэн үү

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт Тост, Тосонбумбын нуруунд лицензтэй уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа болохыг ар гэрийнхэн болон хамт ажиллаж байсан хүмүүс нь удаа дараа хэлж, олон нийтэд сануулсаар байгаа билээ.

Тэгвэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй цорын ганц компани байгаа нь УИХ-д Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн гишүүний “Саус гоби коэл транс” байгаа юм. Харин бусад жижиг компаниуд олборлох биш зөвхөн хайгуулах хийх багахан талбайд эрх авсан талаарх мэдээллийг бид өмнө нь цуварлаар бичиж, уншигч та бүхэнд хүргэж байсан.

Харин мэдээлэл гарсны дараа Б.Чойжилсүрэн гишүүн эл хэрэгт холбоогүй хэмээн өөрийгөө өмөөрч, хэвлэлээр хүртэл мэдээлэл хийж байсан болохыг та бүхэн санаж байгаа байх. Цорын ганц олборлох эрхийг эзэмшиж чадсан асар том талбайтай Б.Чойжилсүрэнгийн компанийг сэжиглэж болохоор байгаа юм.

Талийгаачийг өмнө нь гурван ч удаа халдлагад өртөж байхад Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаа нар халдлага гэж байдаггүй юм. Өөрийгөө хутгалсан байна гэх тайлбарыг өгч, бусдад хүртэл итгэн үнэмшүүлэхээр ийм яриа дэгдээсэн байдаг юм байна. Тиймээс ар гэрийнхэн нь уг хэргийг захиалагч нь цагдаа нартай хуйвалдсан гэж хардаж байгаа юм. Тэгвэл хүн амины хэрэгт холбоотой байх магадлал өндөртэй Өмнөговь аймгийн цагдаа нар болон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг хууль хяналтын байгууллага шалгаж байна уу. Ямартай ч Б.Чойжилсүрэн сонгуулийн үеэр мөнгө тараасан хэрэгт орооцолдож, байсан ч түүний гар хөл болж, айлуудаар мөнгө тараах ажил хийсэн залуус ял авсан байдаг билээ. Үүнээс гадна Б.Чойжилсүрэн нь “Саус гоби коэл транс” компанийг 100 хувь эзэмшдэг гэж байсан бол дараа жилийнхээ хөрөнгө орлогын мэдүүлэгт 50 болгон өөрчилсөн юм байна.

Өмнөх нийтлэлийг үзэх бол энд дар

Сурагч хүүгийн үхлийн талаар хэн юу хэлэв?

2015 оны 12-р сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 4-р ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Хүү гурван өдөр ухаангүй байсаар 2015 оны 12-р сарын 26-ны өдөр нас барсан.

Уг хэрэгт цагдаагийн албан хаагчийг буруутай байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байсан юм. Улмаар талийгаачийг танил хүүгийн аав нь зодсон хэмээн өнөөдөр шалгагдаж байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн хүүхдийн үхэлд цагдаа хамаатай байх магадлалтай гэдгийг талийгаачийн төрсөн ах Ц.Чанцалгүмэн хэлж байсан юм. Тэрбээр: “Хардах хэд хэдэн үндэслэл байгаа. Нэгд, Талийгаач зодуулсныхаа маргааш нь ангийнхаа хүүхдүүдэд цагдаад балбуулаад толгой өвдөөд байна. Та нар битгий шуугиад бай гэж хэлсэн байсан. Мөн хичээлээсээ харих замдаа биеийн байдал нь муудахад дэлгүүрт орсон. Улмаар тухайн дэлгүүрийн худалдагчид мөн цагдаад балбуулаад гэдгийг хэлсэн.

Хоёрт, талийгаачийг цагдаагийн газарт байх үеийн бичлэгүүд. Бичлэгүүдийг бүтнээр нь огт үзүүлээгүй. Том дэлгэцэн дээр тухайн цагдаагийн газрын бүх камерыг хянадаг. Тэгэхээр талийгаачийг цагдаагийн газарт орсноос эхлээд аль өрөөнд ороод тэр нь аль камерт шилжиж байна энэ бүхнийг үзье гэхэд боломжгүй гэсэн. Танай дүүгийн орсон бичлэгүүдийг л үзүүлсэн. Бүгдийг нь үзүүлэхгүй байгаа нь сэжигтэй санагдсан.

Гуравт, түүвэрлэсэн тэр бичлэгүүдээс үзэхэд талийгаач нэг тонгойсон, нэг удаа толгойгоо бариад доошоо болсон. Талийгаачийг зодсон байж болзошгүй Ахлах дэслэгч Б.Б камер гардаггүй хэсэгт дүүтэй хамт хоёр минут хэртэй болсон бөгөөд энэ үеэр хөл алдаж байгаа харагдсан. Мөн энэ үеэр тэдний дэргэд байсан Бат-Оргил гэх илт цочирдсон байдалтайгаар тэдний зүг харсан. Ажлаа хийж байгаа хүн илт тэгж цочирдож харахгүй шүү дээ.

Дөрөвт, Бичлэг дээр Бат-Оргил гэх цагдаа талийгаач руу далайж, мөр рүү ёворч байсан. Цагдаа хүн байцаалт авахдаа тэгж хандах ёсгүй гэдгийг хүн бүхэн мэднэ.

Нийтлэлийн үргэлжлэлийг эндээс уншиж баримттай ярилцлагыг мөн унших боломжтой.

 

Малын шөрмөсөөр мэс заслын утас хийсэн бүтээл шилдгээр шалгарав

Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгосын Оюуны өмчийн байгууллага, Монголын Оюуны өмчийн байгууллагаас хамтран зохион байгуулсан “Инновацийн шийдэл бидний амьдралд-2015” уралдаанд нийт гаруй бүтээл өрсөлдсөнөөс ШУТИС-ийн профессор С.Төгс тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-экологийн бүтээгдэхүүн” бүтээлээр тэргүүн байр эзэлжээ. Ингэхдээ Монгол малын шөрмөсийг ашиглан мэс заслын утас хийсэн байна.

Энэ ажил нь одоогоор туршилтын хэмжээнд явж байгаа ч үйлдвэрлэхэд бүрэн бололцоотой гэж үнэлж Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, мөнгөн шагналаар шагнасан аж. Хоёрдугаар байранд МУИС-ийн судлаачдын багийн “СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ ШАР СҮҮГ АШИГЛАН АНТИОКСИДАНТ ИДЭВХТЭЙ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ АРГА” шийдэл Б.Батжаргал, Б.Очирхуяг, Ж.Сүхдолгор, Б.Цэрэнжадамба, гуравдугаар байранд судлаач Я.Ганболдын “ЦАРЦААНЫ ОРГАНИК ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН” шийдэл бүтээл шалгарсан байна.

Эдийн засаг: Ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь болгох хуулийг өргөн барина

УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн асуудлаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МИК-ийн захирал н.Гантөгс нар албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулна гэж мэдэгдэв.

2013 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хууль хүчингүй болсноор өнөөдөр орон сууцны зээлээс гадна барьцаалбар шаардагдах бүх төрлийн зээл олголт зогсоод байгаа билээ.

Ингэснээр зах зээл дээр 19 мянган орон сууц эзнээ хүлээсэн байдалтай байна. Ийнхүү орон сууцны борлуулалт тодорхой хугацаанд зогссон нь урьдчилгааг 10 хувь болгоно гэж Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар хариуцлаггүй мэдэгдэл хийсэнтэй зарим талаар холбоотой гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа.

Харин УИХ-ын дарга З.Энхболд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хуулийг яаралтай дахин батлаж өгнө гэж амласан. Мөн инфляци 14 хувь байхад орон сууцны зээлийн хүүг найман хувиар тогтоосон энэ бол санамсаргүй хувь биш одоо инфляци 3 хувь болсон тул орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж хэмээн онцолсон юм. Иймд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгох тухай, орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулах зэрэг хуулийн төслийг өргөн баригдана.

Ц.Элбэгдорж: Бүх хүүхдэд мөнгө өгнө

 

Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Улмаар өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм. Журам энэ сараас хэрэгжиж эхэлсэн.

Гэвч олон нийтийн зүгээс хүүхдүүдийг амьдралын боломжоор нь ялгаварлаж байгаад шүүмжлэлтэй хандаж энэ шийдвэрээ эргэж харахыг шаардаж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн сайхан мэдээ дуулгалаа. Тодруулбал, төрийн гурван өндөрлөг хүүхдийн мөнгийг хуучин жишгийн дагуу буюу бүх хүүхдүүдэд олгоход санал нэгджээ. Ерөнхийлөгч энэ тухайд “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” гэв.

Спорт: Гавьяат тамирчин Д.Сумъяа аваргаллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Хангарьд ордноо болов. Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Эрдэнэт хотод явуулж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн улсын аваргууд тодорлоо. Энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлж яваа Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Д. Сумъяа аваргаллаа. Харин мөнгөн медалийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин н.Хулан хүртсэн юм. Хүрэл медалийн тавцанд ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин н.Энхрийлэн, Женко клубын тамирчин н.Буянхишиг нар зогслоо.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа