Манай улсад том, жижиг хулгайн хэрэг өдөр болгон гардаг. Бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй өөрийн юм шиг л туучихдаг нөхдүүд олон бий. "Автобусанд суугаад явж байгаад гадуур хувцасныхаа халаас руу гараа хийтэл дахиад нэг гар байж байна. Эзэнд нь гарыг нь олж өглөө ш дээ" хэмээн шооч нэгэн нь хошигнож байх юм.

Нийслэлд 2015 онд Бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэг 5899 бүртгэгджээ. Үүнээс халаасны хулгай 604, бусдын эд хөрөнгийг булаах 183, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 446 хэрэг гарсан байна.

Өнөө өглөө нийтийн тээврээр зорчиж явтал нэгэн зорчигч эмэгтэй "Хүмүүс ээ хойшоо явсан бор малгайтай залуу түрүүвчийг минь авчихлаа. Битгий буулгаарай" хамаг бичиг баримт байгаа гээд хашхирахад өнөөх хулгайч аль хэдийнээ буугаад явчихсан байх нь тэр. Өдгөө сар шинийн баяр болох гээд хүмүүс бэлтгэлээ базааж байгаа. Энэ л үед хулгай хэрэг гаарах магадлал тун өндөр.

Өчигдөр болсон үйл явдлыг дурьдахад, нэгэн найзтайгаа ажил хэргийн уулзалтаар Боловсролын их сургуулийн хажууд байрлалтай кофе шоп-д уулзав. Тэнд дунд ангийн сурагч болов уу гэмээр хоёр хүү орж ирээд хүмүүсээс "Ах эгч нараа сэтгүүл хямдралтай үнээр аваач гуйж байна" хэмээн хүн болгоныг царайчилсаар бидний ширээнд ирэв. Амнаас нь архи сэн хийтэл үнэртэж байв. Уучлаарай энд ажилтай байна авахгүй ээ. Гэтэл авчих л даа гуйж байна гээд ширээн дээр Монос гэсэн рекламны сэтгүүл тавиад авав.

Хамт явсан нэг нь "за за гарая аа" гээд явж одлоо. Тэгснээ "чи яах гэж утсыг нь авч байгаа юм" гэх нь сонсогдоод бид утсаа үзтэл ширээн дээр байсан гар утас алга. Хямдралтай үнээр зарж байна авчих л даа гээд байсан Монос нэртэй рекламны сэтгүүлээ ширээн дээр тавиад авахдаа гарт утсыг нь хамт авсан байж. Энэ мэтчлэн өдөрт өчнөөн олон хүн жижиг гэлтгүй хэрэгцээтэй эд зүйлсээ алдсаар л...

Алдсан хүн арван тамтай гэдэг... Хулгайд эд зүйлсээ алдчихаад цагдаад бүртгүүлэхээр өчнөөн олон хоногийн ажлаа алдаж бөөн асуудал, чирэгдэл болдог гээд зарим нэг нь төвөгшөөгөөд бүртгүүлэхгүй орхидог нь нууц биш.

Цагаандаа гарсан хулгайчид хүний аминд хүрэхээс ч буцахгүй болсонг энэ сард болсон нэгэн дээрмийн үйлдлээр бид харсан. Тодруулбал, Нийслэлийн БГД-ийн 15 хорооны 24 дүгээр байранд энэ сарын эхээр 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан өндөр настанг цахилгаан шат руу орох үед нь бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Тэд шат руу түүнийг шууд чирэн цүнхийг нь авч одсон.

Хулгай хийсэн этгээдэд Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 21 дүгээр зүйлд Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн заасан байдаг. 145 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах 145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Харин 145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулийн заалт бий.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 147.2-т “Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.