Эрх баригчид маань авлигатай тэмцээд ч байгаа юм шиг, тэмцэхгүй ч байгаа юм шиг. Шалгаад ч байгаа юм шиг, шоглоод ч байгаа юм шиг. Мөнгө идсэн уусан нөхдүүдийг сүр бадруулан, монгол даяар зарлаж байгаад баривчилж байгаа нь холливүүдийн киноноос дутахгүй адал явдалтай.

Үүнийг нэг талаас харахад авлигачидтай хатуу тэмцээд ч байгаа юм шиг. Нөгөө талаас нь харахад тэмцэж байгаа худал дүр эсгээд ч байгаа юм шиг. Гэвч тун удахгүй хэргийг нь хэрэгсэхгүй болголоо гээд л сулалчихна. Энэ бол өнөөгийн авлигачидтай тэмцэж байгаа эрх баригчдын үнэн бодит дүр төрх.

Тэрбум, тэрбумаар мөнгө идсэн уусан нөхдүүд хэргээс мултарсныхаа дараа шударга шүүх, шударга ёс байдаг юм байна гээд даапаална. Ганц төлөг, арван мянган төгрөг хулгайлсан хүн ял авч байхад тэрбум тэрбумаар идсэн уусан хүмүүс ямарч хариуцлага хүлээхгүй алхаж байна. Шударга ёс хаана байна вэ? Нөгөө Х.Тэмүүжин сайдын яриад байгаа шүүхийн шинэчлэл хаана байна вэ?

Сүүлийн 20-иод жил төр барьсан нөхдүүдийг шалгах юм бол бүгд л төрөөс, улсаас хулгай хийсэн хулгайч гэдэг нь батлагдана. Үнэн шударгаар шалгах юм бол бүгд л шоронгийн торны цаана, хүйтэн шалан дээр насаа эцэслэх хувь тавилантай хүмүүс. Ийм хүмүүсийг яагаад өршөөгөөд зогсохгүй өөгшүүлнэ вэ? Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар олон хүнийг баривчилж, шалгаж, хэрэг үүсгэв. Тэднээс эцсийн эцэст хэд нь шоронд явсан юм бэ?

Намбар гуан хүүг шоронд хийх гэж бөөн юм болсныг ард түмэн санаж байгаа. Шоронгоос үхлээ хатлаа үнэн хэцүү байна гэсээр байгаад эмнэлэгт хэвтээд дараа нь гадагшаа л явахгүй бол үхэх гээд байна гээд эмнэлгээс жоготой гэгч нь жуумалзан гарсан. Энэ өдөр наймдугаар сарын 1-ний өдөр байсан. Энэ өдрийг шударга ёс ялагдсан өдөр төдийгүй олигархиуд шүүхийг ялсан өдөр гэж түүхэнд тэмдэглэх хэрэгтэй. Үүнээс хойш монголын шүүх улс орноо цөлмөсөн луйварчдад ялагдах болно.

Өнгөрсөн хавар манай улсад ирж ардчиллын хуралд оролцоод буцсан Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч эмэгтэй Аун Сан Сү Чи амьдралынхаа 21 жилийг гэрийн хорионд өнгөрөөсөн ч бууж өгөөгүй нэгэн. Энэ хатуу эмэгтэй хажууд манай Н.Энхбаяр ёстой нялцгай амьтан байжээ. Нэг жил ч болж чадахгүй өлсгөлөн зарлаж өөрийгөө зовлонд учруулсан. Үнэхээр буруугүй юм бол ялаа дуусгаад дахиад тэмцэх хэрэгтэй байсан. Гэвч сонгуульд өрсөлдөх шуналт хүсэл нь түүнийг зүгээр суулгаагүй.

Өнгөрсөн хугацаанд шийдэгдсэн гэж нэрлэгдэж байгаа томоохон хэргүүдээс Долоодугаар сарын 1-ний хэрэг, МИАТ-ын хэргийг үнэхээр шударгаар шийдсэн үү гэдгийг дахин асуух хэрэгтэй. Цаад эзэд нь цэвэр үлдэж, наагуур нь хэдэн нөхөр тэдний өмнөөс шуудхан хэлэхэд мөнгөөр шоронд суучихсан юм биш биз.

МИАТ-ын хэрэгт төр засагт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэр сонсогдсоор байтал наагуур нь хэдэн нөхрийг шоронд суулгаад л хэргийг дуусгасан. Түүнээс хойш идсэн уусан хэргүүдийн мэдээ хэвлэлээр нэг хөвөрч байхад хууль шүүх сүр бадруулан баривчилгаа явуулаад л, эрүү үүсгээд л дараа нь чимээгүйхэн хэрэгсэхгүй болголоо гээд л дуусгана. Хэдий хүртэл ингэж явах юм бол доо. Хэзээ Монгол оронд шударга ёс тогтох юм бэ?

Хулгайч луйварчдыг шоронд хийхгүйгээр шийтгэх аргууд бий. Үүнд цөлөх байна. Яг л социализмын үеийнх хөдөө орон нутаг руу цөлөх хэрэгтэй. Мөн дахиж төр, нийгмийн ажилд орох эрхийг нь насаар нь хаах хэрэгтэй. Энэ бол хүний эрх хааж боож байгаа үйлдэл биш шүү. Хулгайч, луйварчидад энэ л таарна.

Манай улс одоо олигархи, луйварчдыг шийтгэхтэй холбоотой шинэ хууль батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол сүр бадруулан баривчлаад л дараа нь суллаад байвал хэзээ шударга ёс тогтохгүй. Сулалж байгаагийн цаана тохиролцоо, наймаа л явагдаж байгаа. Суллагдсан нөхөр албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж, хулгай луйвраа цааш л өргөжүүлнэ. Ингээд л бүх зүйл дахиад л давтагдана. Үүний баталгаа бол өнөөгийн монголын төр. Иймэрхүү дүр эсгэсэн тэмцэл үр дүнд хүрэхгүй дээ ардчилагчид минь.