Өчигдөр өглөөнөөс эхлээд л “Нарантуул” худалдааны төв шатсан мэдээлэл цацагдаж, олныг цочроосон. Манай хамгийн том худалдааны төв болох “Нарантуул” захаас амьдралаа залгуулдаг арван таван мянга гаруй түрээслэгчид байдаг.

Энд худалдаа эрхэлдэг нэг хүн цөөнөөр бодоход гэр бүлийнхээ тав, зургаан гишүүний амьдралыг залгуулж байдаг. Тэд дөрвөн цагийн эргэлтэнд халуунд халж, хүйтэнд нь хөрч зогсохдоо өөрийн эрүүл мэндээс илүү үр, хүүхдийнхээ, гэр бүлийнхээ амьдралын төлөө ийнхүү цаг наргүй хөдөлмөрлөдөг хүмүүс.

Мөн “Нарантуул” худалдааны төвөөс нийслэл хотын иргэдийн цөөнгүй хувь нь, дээр нь хөдөө орон нутгийн иргэд ч өргөн хэрэглээний бараагаа базаадаг. “Нарантуул” захаас бараа татан хөдөөд худалддаг наймаачид ч олон бий.

Энэ үе бол хичээл, сургууль эхлэх гээд хүн бүр л дор бүрнээ хичээлийн хэрэгсэл, хувцас сэлтийг базаадаг чухал үе. Гэтэл яг энэ үеэр гал гарсан нь түрээслэгчдэд хүнд цохилт болж байна. Үнэхээр ч энэхүү галын аюул цөөнгүй айл өрхийн амьдралд  ноцтой хохирол учруулсан. Наймаа эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь банкны зээлтэй, сар бүр зээлийнхээ хүүг төлж амьдардаг аж. Зээлнээс зээлийн хооронд амьдардаг тэд ганц өдөр ч сэтгэл тайван амардаггүй. Өглөөн нартай уралдан ажлаа эхлүүлдэг хэмээн ярьцгааж байна.  Цугласан олон шаналал, гомдол, цөхрөлөөр дүүрэн харагдана. Тэдний зарим нь гомдлын нулимсаа барьж ядан байхад ухаан алдан, цочирдсон нэгэн ч байсан юм.

Хамгийн харамсалтай уг галын улмаас нэг иргэн амиа алдсан гэсэн мэдээлэл байгаа ч хэн болохыг нь тогтоогоогүй байгаа юм. Түрээслэгчдийн зарим нь уг асуудалд “Дүнжингарав” худалдааны төвийн эзэн Б.Наранхүүг сэжиглэж, түүнтэй холбоотой байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь “Нарантуул” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв хоёр хэдхэн алхмын зайтай зэргэлдээ оршиж, худалдаа эрхэлдэг өрсөлдөгчид учраас ийнхүү хардаж буйгаа хэлж байлаа.

Харин өнөөдрийн байдлаар “Нарантуул захын урд уулзвараас чулуун овооны уулзвар” хүрэх замыг хаагаад байгаа юм. Онцгой байдлын 500 гаруй ажилчид гал унтраасан бөгөөд одоогийн байдлаар шинжээчид, ЦЕГ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Түүнчлэн галын шинжээчид гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.  Ямартай ч гал гарсан шалтгаан, түрээслэгчдийн хохирлын мөнгө, амь эрсдэн хүн хэн болох нь удахгүй тодорхой болохнээ.

 Уг асуудалд тус захын эзэн Ш.Сайхансамбуу харамслаа илэрхийлэн, гурван сарын дотор түрээслэгчдийн хохирлыг барагдуулахаа амлаад байгаа юм. Мэдээж төлбөрийг барагдуулахад тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана. Тиймээс гурван сарын дотор багтааж бүх түрээслэгч, наймаа эрхлэгчдийн хохирлыг барагдуулна гэдгээ хэлсэн юм.

Гал гарсаны улмаас “Нарантуул” зах ажиллахгүй гэсэн мэдээлэл иргэд, олон нийтийн дунд гараад байсан ч өнөө өглөөний байдлаар  захын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ хэмээн  мэдэгдсэн юм. Ийнхүү захын үйл ажиллагаа хэвийн явагдах тул иргэд олон нийт элдэв мэдээлэлд төөрөгдөлгүй байх хэрэгтэйг давхар сануулж байна. 

Б.Хорлоо