Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ, түүний дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болсон “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залууст зориулан “Олуулаа уншъя” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэл санаагаа хуваалцаж, ар гэрийнхэн нь хорих ангийн номын санд ном хандивлалаа. Мөн уг арга хэмжээний үеэр МЗХ-ны “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”-ноос тус өдөрлөгийн үеэр ном, хуучин хувцсыг тараасан бол “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” ял эдэлж дуусаад суллагдан гарах гэж буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах болон сургалтанд хамруулах ажлын талаар танилцуулжээ.

      Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж буй тус ангийн нийгмийн ажлын албанаас ирэх 9 сард “Номын баяр” зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд уг арга хэмжээнд Монголын нэртэй зохиолч, яруу найрагчдыг оролцуулах, номын сангийн нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар МЗХ-ны “Хүмүүнлэгийн Хороо”-ноос хамтран ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн юм. Мөн тус анги сургалтын танхимтай бөгөөд уг танхим нь оёдол, мужааны чиглэлээр сургалт явуулдаг байна.