ШӨХТГ-ыг тэргүүлсэн цагасаа эхлэн О.Магнай шудага бус явдлуудыг зогсоон олон нийтийн дунд овоо нэр хүндтэй болсон. Харин тэрбээр өчигдөр өөрийнхөө нэр хүндийг олон нийтийн дунд навс унагаж орхив. Өөрөөр хэлбэл такси эхний км нь 1500 дараагийн км  нь 1000 төгрөгөөр явах болжээ. Үүн дээр дуудлагын 1000 төгрөг нэмэгдэнэ гэж байгаа. Тэгэхээр уншигч та гурван км гардаг газар 2100 төгрөгөөр явдаг байсан газар руу дуудлагын 1000 төгрөг, эхний км-ийн 1500 төгрөг, үлдсэн 2 км-ийн 2000 төгрөг нийлээд 4500 төгрөгөөр явна гэсэн үг.  Хоёр удаа таксидах мөнгөө нэг удаад л өгчихөж байгаа хэрэг.  

Харин үнээ нэмснийхээ хариуд нь таньд такси компаинуд “тултал” нь соёлтой үйлчлэх ажээ. Өөрөөр хэлбэл доромжлуулахгүй, хир үнэртсэн машинд суухгүй  юм байхаа. Уг нь тэр хэлээд байгаа соёл гээч нь  тухайн такси компанийн хэрэгжүүлэх ажил байтал төрөөс, О.Магнайгаар оролцуулж байгаа нь хардлага төрүүлээд байгаа юм.  

Таксиний үнийг нэмсэн байдлаа О.Магнай дарга: “Энэ алхам иргэдэд таалагдахгүй нь мэдээж. Энэ арга хэмжээ бол такси үйлчилгээ сайжруулах томоохон алхам болно.  Тиймээс энэ асуудалд Замын цагдаагийн газартай хамтран ажиллах болно. такси компанийн үйлчилгээний эрхэлдэг 16 аж ахуйн нэгжээс эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон учир үнэ нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлсэн. ШӨХТГ энэ  саналыг үндэслэлтэй хэмээн үзэж байгаа” хэмээн тайлбарласан.

Өөрөөр хэлбэл 16 аж ахуйн нэгжийн эрх ашиг, тэднийг хөлжүүлэхийн төлөө Монголын нийт ард иргэдийг шулах шийдвэрийг  Шударага өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газар гаргачихаж байгаа юм.  О.Магнай өөрөө тэднээс мөнгө авсан  эсвэл  өөрөө амьдралаас хэтэрхий тасархай нэгэн гэж бодоход хүрч байгаа юм.

Ингэж бодоход хүргэж байгаа зүйл гэвэл өнөөдөр такси компаниуд харьцааны соёл, үйлчилгээний чанар гээчийг ярьсаар  хангалттай олон жил болж байгаа.  Тэгсэн ч өнөөдөр үйлчлүүлэгчээ мөлжиж, доромжилсон ёс бус үйлдэл гарсаар байгаа нь нууц биш. Ядаж л тоолуур нь худлаа заадагыг захын нэгнээс нь асуу. Бүгд тоолуур чинь худлаа заадаг гээд хэлээд өгнө. Үүгээрээ зарим нэг такси сайжирсан ч огт сайжраагүй хэсэг бүлэг нөхөд байгаа гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг.

О.Магнай даргын мэдрэмжгүй энэ шийдвэрээс болоод  таксиг хотын гудамж, дуудлагын утсаар ч дуудаж үйлчлүүлэх ч бас бэрх болсон. Өнөөдөр гадаа гараад гар өргөхөд такси компанийн бус харин халтуурчид л зогсож байгаа нь нууц биш. Үнээ нэмсэн такси нь өдрийн од. Тийм байхад тэднийг заавал заасан тодорхой цэгээс барих ёстой гэж байгаа юм.  Энхтайваны өргөн чөлөө буюу нийтийн тээврийн нэгдүгээр эгнээнээс такси барих оролдлого хийхгүй байхыг  сануулсан.  Тэгэхээр дуудлага өгөх ёстой болж байгаа юм. Дуудлага өгөх гэж тусгай дугаарууд руу  350-500 төгрөг зарлагадна. Тэгээд болоогүй дуудлагын мөнгө гэж 1000 төгрөг нэмж өгнө гэхээр бас л овоо шулж байгаа юм шүү энэ такси компаниуд. Дуудлагаар ирдэг такси нь тун цөөхөн. Тэгэхээр таксинууд нь завсар зайгүй дуудлагад явдаг, чухам ашигтай гэсэн бодол эрхгүй төрж байна.  Тийм байхад хөлжсөн компани өөрийнхөө бааз, суурийг сайжруулаад яваад байх бүрэн боломжтой.

Дээрээс нь 16 компанийг хөлжүүлэхийн төлөө яахаараа иргэдийг ингэж шулж байгаа юм бэ? Тэд зах зээлийнхээ хуулиар хөгжвөл хөгжөөд, дампуурвал дампуурна л биз. Дараагийнх нь гараад л ирнэ.  Тэдэнтэй тэдэнгүй өнөөдөр такси үйлчилгээний  үүргийг хувийн “халтуурчин” нөхөд л гүйцэтгэж байгаа нь нууц биш.  Тэгээд ч яаж ч бодсон халтуурчин нөхөд ашигтай болоод л явж байгаа. Тэгж байхад такси компаниуд яахаараа ашиггүй ажилладаг юм бэ?  Иргэд яахаараа тэдний халаасыг зузаатгаж, өөрийнхөө хэтэвчийг хоослох ёстой гэж? Хэрэглэгчийн төлөө гэсэн нэртэй ч бизнесийн байгууллагатайгаа хамтраад  хэрэглэгчийн төлөө бус үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү?  О.Магнай энэхүү тэнэг үйлдлээ цагаатгахаар “Хэрэв иргэд такси үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаа бол ямар нэг такси үйлчилгээ үзүүлдэг компанид бүртгүүлэн ажиллах боломжтой. Хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэд такси компанид бүртгүүлэн ажиллахад гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх зэрэг шаардлага тавих болно. Өнөөдрөөс 30 хоногийн хугацаанд бүх такси компаниуд ижил таних тэмдэг, тоолууртай болно.  Таксины үнэ нэмнэ гэдэг бол чанар сайжирна гэсэн үг. Такси үйлчилгээг аварч үлдье гэвэл үнэ нэмэхээс өөр боломжгүй.” Гэж тайлбарлаад байгаа юм.  

Өнөөдөр ингэж үнэ нэмж байгаа нь машин авах иргэдийн тоог нэмээд өгчихөж байгаа юм.  Харин Э.Бат-Үүл нь дугаараар хязгаарлаад л... Иргэд ч ихээхэн бухимдалтай байгаа нь нууц биш.  

Мэдрэмжгүй О.Магнай та 16 компанийн эрх ашгийн төлөө эсвэл тэднээс хэдэн бор цаас авсныхаа төлөө ийм шийдвэр гаргасан бол энэ шийдвэрээ эргэн хараач.  Тэдний анхаарах ёстой зүйл дээр та, таны тэргүүлдэг байгууллага оролцох хэрэггүй л дээ...

Т.Энгүүн