Галын бурхан хилэгнэсэн бололтой.  13-р хороолол орчимд сүүлийн үед гал гарах боллоо. Эхлээд Нарантуулын хүнсний зах,  дараа нь  Сандэй плазад гал гарлаа, удахгүй шөнийн захад гал гарах юм байна л даа гэх яриа өнөөдрийн гол сэдэв болж байна. Шашин талаасаа ярьбал энэ яриа үндэслэлтэй. Харин шашингүй үзэлтэй  хүмүүс  галын бурхан хилэгнээгүй хэсэг бүлэг нөхдүүд  хариуцлага алдснаас гал гарлаа хэмээн ярьж байна. Дээрхи ярианы аль аль нь үнэний хувьтай.

Хэрвээ өчигдөр  Сандэй Плазад гарсан гал  газар авч  тус байгууламж тэр чигтээ шатсан бол түрээслэгчдийн хохиролыг түрээслүүлэгч огт хариуцахгүй байх ажээ. Тодруулбал тус төвөөс түрээслэгчидтэй гэрээ байгуулахдаа “харгис” заалт ихийг оруулдаг байна. Тэдгээрээс хамгийн ноцтой нь гал, ус зэрэг давагдашгүй хүчин зүйл тохиолдвол түрээслэгч өөрөө хариуцлагаа үүрнэ, түрээслүүлэгч хохиролыг барагдуулахгүй хэмээн заасан байдаг ажээ.  Түрээслэгчдээс хичнээн нь  даатгалтай эсэхийг тодруулахад  бараг байхгүй гэдгийг хэлж байлаа.  Өөрөөр хэлбэл  түрээслэгчдийн эрх ашгийг өчигдөр  гал унтраах анги, өчигдөр харуулда гарч байсан 10 гаруй харуул, түрээслэгчидтэй хамтран унтраагаагүй бол асуудал өнөөдөр өөрөөр эргэх байлаа.

Харин Нарантуул захын хувьд өнөөдрийг хүртэл галын дүгнэлтийг гаргаагүй ч  хохирогчдоос мэдүүлэг авч  хохиролын хэмжээг тогтоохор ажиллаж байгаа.  Өнөөдрийн байдлаар уг хэрэгт дөрвөн хүнийг сэжигтнээр татаад байгаа билээ.

Өнөөдөр гал гарсан хоёр газарт  галын бурхан хилэгнэсэн ч бай, хэн нэгний буруутай үйл ажиллагаа,  хариуцлагагүй байдлаас гал гарсан ч бай  түрээслэгч, түрээслүүлэгчид алхам тутамдаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл цахилгааны холболт, хийгээр ажилладаг цахилгаан зуухны аюулгүй ажиллагааг хангахад анхаарч,   түрээслүүлэгчидтэйгээ байгуулсан гэрээндээ уян хатан хандаж,  даатгалд хамруулах цаг үеийн шаардлага тулгараад байна. Энэ анхаарууллага бүх аж ахуйн нэгжид хамааралтайг анхааруулж байна.  

А.Баярмаа