Нээлтээ хийснээс хойш өнөөг хүртэл үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа “Атганд үлдсэн эрдэнэ” киноны талаархи сонин содон мэдээлэл ар араасаа хөвөрсөн хэвээр... Эгэл мэт амьдралын ээдрээт үйл явдал, хайр сэтгэлийн нандин учиг, хүмүүний харилцааны олон талт асуудлыг хөндсөн энэхүү киногоороо “Хувьсал” продакшныхан дахин шуугиан тарьж чадсан билээ.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Дархан хотноо нээлтээ хийсэн тус киноны уран бүтээлчид үзэгч фэнүүдтэйгээ хамт дурсгалын зураг татуулж, өөрсдийн гарын үсэг бүхий киноныхоо зураг хуудсыг бэлэглэн багагүй сюрюриз бариад ирсэн юм. Дархан хотын кинотеатрт ердөө л таван хоног гаргахаар төлөвлөсөн хэдий ч үзэгчдийнхээ хүсэлтээр “Атганд үлдсэн эрдэнэ” киног энэ долоо хоногийг дуустал үргэлжлүүлэн гаргахаар болжээ.

Харин өнөөдөр тус продакшныхан Сүхбаатар аймгийг зорьсон бөгөөд маргааш буюу энэ сарын 30-нд “Сүхбаатар” театрт 19:00 цагаас “Атганд үлдсэн эрдэнэ” киноныхоо нээлтийг албан ёсоор хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Ийнхүү уран бүтээлийн олз омог дүүрэн яваа “Хувьсал”-ынхан хөдөө орон нутгийн үзэгч фэнүүдээ ч мартсангүй, “Атганд үлдсэн эрдэнэ”-ээ аваад аялж яваа нь энэ бололтой. Тус киноны хувьд, нийслэлийн үзэгчдийг өнөө хэр байлдан дагуулж тасалбар нь чамгүй эрэлттэй байгаа юм билээ.