Энэ баасан гаригт олон улсын инээдмийн баяр тохионо. Уг өдрийг угтан хошин урлагийн хамтлагууд болон рок поп урлагийн хамтлаг дуучдын хамтарсан “Night comedy” шоу тоглолт болох юм.

Уг тоглолтонд “Мөрөөдлийн театр”, “Эмоци продакшн”, жүжигчин элэглэгч Чапи, Суурь, Нямка болон A-Sound, Lemons, Digital, A-Cool, 3 охин, Шанз 3 хамтлаг болон дуучин Хишигдалай, Зоорий шилдэг DJ нар оролцох юм байна. Тэд таныг суудлаас тань босгохоор зэхэж байгаа гэнэ шүү.

Хошин урлагийн тоглолтыг суудал дээр сууж үзэхээс илүү дуулж, бүжиглэх орчныг бүрдүүлэх үүднээс “Crocus event hall”-д зохион байгуулж байгаа юм. Уг тоглолтонд оролцож байгаа рок попын дуучид тайзан дээр хошин шогийн үзүүлбэр үзүүлэх гэнэ. Ирсэн үзэгчдийн дундаас шилдэг онигоочинг шалгаруулж, хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулж, бодит утгаар нь таньд инээдмийн баярын инээдийг бэлэглэх ажээ.

Уг тоглолтын тасалбарыг худалдан авснаар тодорхой хувь ХӨСҮТ-д очих юм. Тус төвд улаанбурхан өвчний улмаас 438 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа ажээ. ХӨСҮТ-ийн долдугаар тасаг буюу Сэхээний дараах тасагт тоглолтынхоо тодорхой орлогоор тоног төхөөрөмж авч өгөхөөр болсон байна.

Т.Буянаа