2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлийг Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар оролцов.

Тус илтгэлийг Комиссоос хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас Комиссод хандан гаргасан гомдол, гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт болон холбогдох төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэний нийгэм, бусад байгууллагын хийсэн судалгаанд тулгуурлан боловсруулсан талаар Ж.Бямбадорж дарга дурдаад илтгэлийн товч танилцуулгыг хийлээ.

Ж.Бямбадорж: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлд дараах асуудлуудыг авч үзлээ. Үүнд:

Нэгдүгээр бүлэгт. Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд хорих ял эдэлж буй хүмүүсийн хуулиар хязгаарлаагүй, баталгаатай эдлэх ёстой эрх хэрхэн хангагдаж байгаа талаар Комисс 2015 онд ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй Хорих 401, гяндан буюу Хорих 405, эмэгтэйчүүдийн Хорих 407, чанга дэглэмтэй Хорих 409, насанд хүрээгүйчүүдийн Хорих 411, чанга дэглэмтэй Хорих 415, жирийн дэглэмтэй Хорих 421, чанга дэглэмтэй Хорих 429, жирийн дэглэмтэй Хорих 443 дугаар ангиудад хяналт шалгалт, судалгаа хийж, хорих байрны орчин нөхцөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, ялтны хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс олголт, сахилгын шийтгэл оногдуулж буй шалтгаан нөхцөл, ялтны сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг тусгав.

Мөн тус бүлгийн 2 дахь хэсэгт тодорхой хүрээнд эрх нь хязгаарлагдаж буй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн талаар авч үзэв. Комисс 2015 онд Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчид, ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт эмчлүүлэгчид, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн “Түр хамгаалах байр”-аар үйлчлүүлж буй иргэд болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтэд тус тус хяналт шалгалт, судалгаа хийсэн. Хүний эрх, тэр дундаа эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн эдлэх ёстой эрхийг баталгаажуулж, НҮБ-аас батлан гаргасан олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орсон боловч эдгээр баримт бичгүүд тэр бүр хэрэгжиж чадахгүй байна.

Хоёрдугаар бүлэгт. Баривчлах, цагдан хорих арга хэмжээ нь хүний халдашгүй, эрх чөлөөтэй байх үндсэн эрхийг хөнддөг тул гэмт хэрэгт холбогдсон хүн бүр өөрийгөө өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхтэй болохыг Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээ, зарчмаар тодорхойлсон болно. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч бие дааж нотлох баримт цуглуулах эрхгүй, хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг өөрийн санаачлагаар дуудах эрхгүй зэрэг хязгаарлагдмал хүрээнд оролцож, ялангуяа шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгч нь мэтгэлцээний үр нөлөөтэй тал болж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлыг өөрчилж, үндэсний хэмжээнд эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишиг стандарт, хэм хэмжээнд нийцүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага байна.

Гуравдугаар бүлэгт. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” болохыг баталгаажуулж, Нийгмийн даатгалын багц хууль, Нийгмийн халамжийн багц хуулийг тус тус мөрдөж байгаа нь төрөөс зайлшгүй дэмжлэг туслалцаа үзүүлбэл зохих иргэдийн “ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрх”-ийг хангаж, хамгаалах нийгмийн хамгааллын тогтолцоог олон улсын хэм хэмжээ, зарчимд нийцүүлэхэд томоохон дэвшил болсон билээ.

Ялангуяа ахмад настны эрхийг баталгаатай эдлүүлэхэд тэдгээр иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлого, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанарыг сайжруулах шаардлага тулгарч байгааг тус илтгэлд тусгасан болно.

Дөрөвдүгээр бүлэгт. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах ... эрхтэй.” гэж заасан билээ. Комисс энэ удаагийн илтгэлдээ Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлтэй танилцаж, тэднийг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, оношлогоонд хамруулах, зарим анги, албадын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, албан хаагчдад илүү цагаар, амралтын болон баярын өдөр ажилласан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтан бүрийг нэг бүрийн тусгай хэрэгслээр бүрэн хангах, одоо ашиглагдаж буй тусгай хэрэгслүүдийг шинэчлэх, сайжруулах, албан хаагчдын тухайн улирлын албаны дүрэмт хувцасны хангалтыг хугацаанд нь тавьж хэвших зэрэг асуудлыг хөндсөн болно. Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хууль тогтоомж болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, мэргэших, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдлыг тусгалаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх асуудлаар тодорхой саналыг энэхүү илтгэлд тусган Монгол Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн гэв.