Замын түгжрэлийг багасгах зорилгоор Э.Бат-Үүл хотын дарга болсон даруйдаа дугаарын хязгаарлалт хийж, жолооч нарыг “хишиг өдөр”-тэй болгосон.  Тэгвэл  хишиг өдрийг эсэргүүцэн, хувийн эрх ашгаа бодон  зарим нэгэн нь дугаараа сольж, хууль зөрчиж байгаа нь нууц биш.  Тэдгээр иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн  25.3-т зааснаар 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг байна.  Тодруулбал тус хуулийн заалтад  “Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрхи тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон, түүнчлэн тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр засварт оруулсан бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” хэмээн заасан байдаг юм.  Харин ийм хэрэг давтан үйлдсэн тохиолдолд  эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг  байна.   

10 сарын өмнөх байдлаар 42 жолооч дугаараа сольж хөдөлгөөнд орсон нь тогтоогдон торгуулаад өнгөрсөн байгаа юм. харин энэ тоо өнөөдөр багассан гэж байгаа. Өөрөөр хэлбэл дугаараа солигчдын арга нарийссан гэж хэлж болно.

Түргэн тусламжийн төв, нийтийн тээврийн хэрэгсэл, буяны ажилд оролцож байгаа  машин, харуул, хамгаалалтын компанийн автомашинууд, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашинууд л дугаарын хязгаарлалт хамргадахгүй. Тэгтэл тэдэнтэй барьцаж байгаа юм шиг  дугаараа сольж шог зан гаргаж байхаар  долоо хоногийн нэг л өдөр  “ард түмэн”-тэйгээ автобусаар зорчиход нэг их асуудал гарахгүй л байх.

Тэгэхээр дугаараа ингэж сольдог нь хөрөнгөтэй, танилтай ухамсагүй нэгний хийж байгаа үйлдэл болж таарч байгаа юм.   Тэдгээрийн нэг нь энэ машины эзэн юм.  

 Өнгөрсөн долоо хоногт тэгш, сондгой тоогоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байх үеэр тэрбээр өдөр бүр дугаараа ийнхүү сольж байжээ.  Энэ бол баримттай үйлдэл бөгөөд хэн нэгний нэр хүндэд халдах санаа агуулаагүйг энд онцлох нь зүйтэй бизээ.  

Өөрөөр хэлбэл нэг өдөр  бусдыг хүндэлснийхээ хариуд зургаан өдөр түгжрэл багатай явна гэдгийг ухамсартаа шингээчихэд болчих асуудал.  

Ухамсараараа л ийм үйлдлээ больчихвол яаж байна жолооч нараа...