Оны өмнөхөн шинэчилж баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар хэд хэдэн хувилбар яригдаж байна. Одоогоор албан ёсоор УИХ-д өргөн баригдсан хуулийн төсөл байхгүй ч сүүлийн үед сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн яриа олны анхаарлыг татаж эхэллээ.

Тодруулбал, 2011 онд баталсан Сонгуулийн хуулиар 100 хувь можаритар байсан тогтолцоог хосолсон буюу 48:28 болгосон байдаг. Харин ирэх сонгуулиас өмнө намын жагсаалтын 28-ыг байхгүй болгож, эргээд хуучин тогтолцоонд шилжүүлэхээр ярьж байгаа гэх. Үүнтэй холбогдуулан улс төрийн намуудын төлөөллөөс байр суурийг нь сонирхлоо.

УИХ-ын гишүүн С.Оюун: -Ямар заалтаас үл хамааран сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт өмнөх хуулиудад байсан. Харин сүүлд батлагдсан Сонгуулийн хуульд энэ заалт ороогүй байна лээ. Үүнийг би алдаа гэж харж байна. Цаашид дээрх заалтыг буцааж оруулах ёстой. Ер нь сонгууль ойртсон үед Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь маш буруу зүйл. Яагаад гэвэл УИХ-д байгаа гишүүд, улс төрийн хүчнүүд өөрсдөдөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг өөрчлөх аюултай. Энэ нь шударга өрсөлдөөнийг байхгүй болгодог. Зөвхөн сонгууль ойртоход бус ер нь бүрэн эрхийн хугацаа болгонд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд байгаа нь буруу юм. Сонгуулийн хуулиа өөрчлөхгүйгээр ядаж 3-4 парламентын нүүр үзэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 30-наас өмнө намууд мөрийн хөтөлбөрөө батлуулна. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Ийм богино хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцоогоо өөрчилнө гэдэг бол байж болохгүй асуудал.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Жижиг тойргууд дээр сонгогчдын тоо болоод хамрах хүрээ бага байна. Түүнээсээ болоод асар их мөнгө цацах боломж гарна. Товчхондоо мөнгөний сонголт, мөнгөний сонгууль болоод өнгөрнө гэсэн үг. Үнэхээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад, олон түмний сонголтыг шударга, үнэн зөв байлгая гэж бодож байгаа бол ядаж томсгосон тойргоо хэвээр хадгалах ёстой. Тэгэхгүйгээр жалга, дов шиг 76 жижиг тойрог болгон хуваачихвал захын тэрбумтан очоод мөнгөөр булах байлгүй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг хассан. Гэтэл УИХ-ын тогтоолд энэ заалт хүчинтэй хэвээрээ байгаа. Тогтоолоо дагах хэрэгтэй байх. Харин Үндсэн хуулийн тулгуур зарчим нь УИХ-ын гишүүн ард түмнээсээ шууд сонгогдоно гэсэн байдаг. Ингэхээр хуулиуд хоорондоо зөрчилтэй болоод байгаа юм. Миний хувьд ард түмнээсээ сонгогдоно гэсэн Үндсэн хуулийн тулгуур зарчмаа барих ёстой гэж маш олон удаа ярьдаг. Гэтэл олонхиороо шийдээд сонгуулийн тогтолцоог хосолсон буюу 48:28 болгосон. Одоо дахиад өөрчилнө гэсэн асуудал яригдаж байна. Энэ бол бас л нэг замбараагүй байдлын хэлбэр л дээ. Гэхдээ яг Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг барих юм бол тогтолцоогоо өөрчилчихөөсэй гэж бодож байгаа. Үндсэн хууль зөрчсөнөөс болоод тохирсон, мөн хандивласан гээд янз бүрийн хүмүүс УИХ-ын гишүүн болж байна. Энэ зарчмыг өөрчлөх л ёстой. Харамсалтай нь дөрвөн жил яриад болсонгүй. Нөгөө талаас аваад үзвэл сонгууль болгоны өмнө хуулиа өөрчлөөд байх нь маш буруу зүйл. Өөрчлөх боломжийг гаргаж өгсөн нь хариуцлагагүй зүйл болсон.

МАН-ын генсек Ж.Мөнхбат: -Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, намын жагсаалтын 28-ыг байхгүй болгох тухай мэдээлэл хэвлэлээр гарч байна. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөх уг асуудал улс төрийн намуудад хамаагүй зүйл. Үндсэн хуулийн цэцэд хамаатай. Цэц шийдвэр гаргана. Гэхдээ ард иргэд намын жагсаалтын 28-ыг байхгүй болгож, хуучин тогтолцоогоороо сонгуулиа явуулахыг дэмжиж байна шүү дээ.

МҮАН-ын генсек Б.Цогтгэрэл: -Энэ бол хуулийн бус засаглал тогтож байгаагийн сонгодог жишээ. Эрх барьж байгаа нам болон давамгай байгаа хоёр нам өөрсдөдөө тааруулж хуулиа өөрчилж болохгүй. Ардчилсан орнууд сонгууль дөхсөн үед гэнэтхэн хуулиа өөрлөхгүй байхын тулд санал хураалт явуулахаас өмнөх зургаан сар болон жилийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулахыг хориглосон байдаг. Манайх ч гэсэн Хүний эрхийн олон улсын конвенцод нэгдээд сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор хуульдаа өөрчлөлт оруулахгүй байх тухай тогтоол баталсан байдаг. Сонгуулийн хуулийг ингэж гэнэтхэн өөрчлөх гэж байгаа нь АСЕМ-ыг зохион байгуулахаа болилоо, хойшлууллаа гэж байгаатай адил. Нөгөөтэйгүүр эрх баригчид барьц алдаж, сандарч байгаагийн шинж. Намын жагсаалтын ард нуугдаж сонгогдож байгааг болиулна гэж байгаа нь зүгээр л нэг шалтаг. АН-ынхан намын жагсаалтыг дэмжиж байсан хэрнээ одоо болиулах гэж байгаа нь одоо үүссэн нөхцөл байдалтай нь л холбоотой. Ер нь МАНАН-гийнхан сонгуульд амжилттай оролцох гэсэн оролдлого хийж байна.

Ногоон намын дарга О.Бум-Ялагч: -Сонгуулийн тухай хуульд санал хураалт явуулахаас зургаан сарын өмнө дотор өөрчлөлт оруулж болохгүй. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй гээд заачихсан юм билээ. Өөрчлөлт оруулах юм бол шударга бус сонгууль болж хэрүүл маргаан үүснэ ш дээ. Заавал ингэж бужигнаан үүсгэх шаардлагатай л гэж үзэж байгаа юм байлгүй. Өөрчлөөд сонгууль зохион байгууллаа гэж бодъё. Өчнөөн мөнгө төгрөг зарцуулчихаад ялагдсан хүмүүс “Хуулиа өөрчилснөөс боллоо. Тиймээс сонгууль хүчингүй” гээд турхирна. Санаатайгаар турхирахыг ч үгүйсгэхгүй. Ийм зүйл болбол АСЕМ-ын өмнө онцгой байдал зарлачихаад дараа нь ард түмний дунд санал асуулга явуулах замаар Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж оролцохыг ч үгүйсгэхгүй.

Г.Балжинням

/АРДЫН ЭРХ/