МАХН-ын доторх эсэргүүгээр Ч.Улаан, Д.Тэрбишдавгыг намын нөхөд нь нэрлэж байна лээ. Ёстой ёс жудаггүй үйлдэл хийсэн, улаадаггүй Ч.Улаан гээд цоллож байна. Бүр Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг харлуулах ажлын хэсэг хүртэл байгуулаад амжжээ. Энэ ажлын хэсгийг нь Н.Энхбаярын эхнэр О.Цолмон удирдаж байгаа гэх мэдээ чих дэлсэв. Н.Энхбаярын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордоггүй хүнтэй О.Цолмон ажаа үеийн үед үзэлцсээр ирсэн.

МАХН-ын даргад улаах байтугай ичих мэдрэмж огт байхгүйг бид бэлхнээ харж байна. Төрийн бүх өндөр дээд албан тушаалыг хашсан мөртлөө Шадар сайд хийх гээд хор найруулж байлаа шүү дээ. Үүнийх нь хажууд Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр уугуул намынхаа гишүүнчлэлийг сэргээх тийм ичмээр явдал уу. Тэгээд ч МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нь хүртэл багаа орхиод АН-д элсчихлээ. Ийм намаас ёс зүй, шударга ёс гэгчийг хүлээх шаардлага бий юү. Нам дотроо арай дөнгүүр гэснийг нь хайрцаглах гэж оролддог МАХН-д Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр харин ч удаан тэслээ. Хэрвээ МАХН-д үлдсэн бол Н.Энхбаярын хүсэл зорилгод нийцэх үйлдэл хийх утсан хүүхэлдэйнүүд болох байсан биз. Тиймээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар үзэл бодол, итгэл үнэмшилдээ бат зогсч МАХН-аас гарах шийдвэр гаргалаа. Энэ нь эгэл жирийн олон гишүүдийг араасаа дагуулах жим болох төлөвтэй. Учир нь орон нутгийн түвшинд ч МАХН-аас МАН -д элсэх сонирхолтой гишүүд цөөнгүй байгаа аж. Үүнээс харахад Д.Тэрбишдагвын "Цаашид МАХН, МАН-ыг нэг нам болгоно" хэмээн мэдэгдсэн нь оргүй үг биш болж таарлаа.