Монголчуудын Гольфын Нээлттэй Цомын Тэмцээн-2016

Жил бүр Америкийн Монголчууд хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шагайн харваа гэх мэт спортын олон төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулдаг болоод чамгүй олон оныг үдээд байна. Жил өнгөрөх бүр тухайн тэмцээнд оролцогчидын хүрээ өргөжиж, тамирчидын чанар дээшилж байгаа нь сайхан хэрэг. Тэрэн дундаас бидний хувьд харьцангүй залуу гэж болох спорт бол аргагүй л гольф буй заа. Хэдий шинэ спорт ч жилээс жилд сонирхогч, өрсөлдөгч нарын хүрээ өргөжин тэлж буйг зүйрэлбэл хуурай талд хээрийн түймэр орж буй мэт. Учир нь гольфыг “зургаан настай балчираас жаран настай буурал” хэн ч оролдоод байж болохоор сайхан наадгай. Гэхдээ тоглогчоос асар их ухаан, сахилга бат, нарийн тооцоо, биеийн болон сэтгэл санааны бэлтгэл, хөдөлгөөний эвсэл, уян хатан чанар, хүрд хүч гээд тамирчин хүнд байх ёстой олон үзүүлэлтийг шаарддагаараа онцлогтой.

Америкийн Монголчууд дунд олон юмны анхдагч байдаг Дэнвэрээс анх гараагаа эхэлсэн Монголчуудын Гольфын нээлттэй цомын тэмцээн (Mongolian Open Cup Tournament) Кентакки мужийн Льюсвилл хотод 5 сарын 4-6 хооронд дөрөв дэх удаагаа амжилттай явагдаж өнгөрлөө. Тэмцээнд америкийн хот муж бүрээс олон шилдэг гольфчид ирж оролцлоо. Мөн Монголоос чанартай сайн тамирчид ирсэн нь нээлтэй тэмцээнийг улам сонирхолтой болгож чимсэн билээ. Тэмцээн ерөнхийдөө эцсийн мөч, сүүлчийн нүхнүүд дуустал чухам хэн түрүүлэх нь мэдэгдэхгүй ширүүн өрсөлдөөн дунд явагдлаа. Мөн анх удаа манай бүсгүйчүүд өрсөлдөн хэрийн аавын хүүгээс дутахгүй гольфчид болохоо харуулж үзэгч олныг баясгалаа.

Тэмцээн дэлхийн сонирхогчидын гольфийн стандартыг бүрэн хангасан, 7200 ярд талбайтай, Кентакки муждаа дээгүүрт орох Хэритэж Хилл контри клуб-д болсон бөгөөд бүх тамирчид өдөрт 18 нүх, нийт гурван өдөр цэц мэргэнээ шалгаж, авъяас чадвараа уралдууллаа. Нийт гольфчидын чанар чансаа өмнөх жилүүдээс үлэмж сайжирсан болохыг энд дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Гольфийг өрсөлдөгчийнхөө эсрэг биш харин өөрөө өөрийнхөө эсрэг, сэтгэлийн хөдлөлөө давж гарах, байгалийн аливаа үзэгдэлийн эсрэг тоглодог гэж ярьцгаадаг нь аргагүй л үнэн үг байж. Тэмцээний эхний өдөр хүйтэн зүсрээ бороо, хоёр дэх өдөр ширүүн салхи тамирчидын чанар чансааг сорьсон бол шувтрагийн өдөр тэгмээр дээ гэмээр даан ч нэг сайхан нартай өдөр байлаа. Тэр бүх цаг агаарын өөрчилөлтийг нийт тамирчид хатуужилтайгаар даван туулж байсан нь бахархууштай. Мөн Хэритэж Хилл клуб үзэгч, дэмчигчидийг гольфийн талбайд тоглогчидыг даган явж үзэх боломж олгосон нь тэр болгон тохиолддог хэрэг биш байж. Тэгж торгон агшинуудыг алдалгүй хуваалцаж явахад надаас эхлээд олон хүнд энэ тоглоомыг нэг оролдоод үзэх хүсэл ундарсан байх гэдэгт эргэлзэхгүй байна. Алтан соёмбот тугаа залаад, төрийн сүлд дуугаа бүгд түрээд хиймор золбоотой эхэлсэн “Нээлттэй цомын тэмцээн” гурван өдөр үргэлжилээд дүнгээ гаргахад Монголоос ирж оролцсон Монголын Бүргэд Гольфийн клубын (Mongolian Eagle Golf Club) ерөнхийлөгч, Монголын Гольфийн холбооны гишүүн, Хас банкны нэрэмжит Хасын цомын хандикап аварга Чойжамцын Гантөмөр түрүүллээ. Мөн Монголоос ирж оролцсон 2014 оны Ланд Ровер цомын, 2014 оны Хас банкны нэрэмжит Хасын цомын аварга, Монгол улсын аваргийн хүрэл медальт Очиржавын Оюунболд үзүүрэллээ. Гурав дугаар байранд зохион байгуулагч Кентакки, Индиана мужийн Монголчуудын гол найдвар энэ тэмцээний 2015 оны түрүү, World Amateur Handicup Championship-2014 үзүүрлэжбайсанЦэвэгсүрэнгийнНадмидорлоо. Энд нэгэн зүйлийг тодруулж хэлэхэд тэмцээний хоёр, гурав дугаар байрны тамирчидын оноо тэнцэж, нэмэлт плэй офф тоглуулах цаг хүрэлцээгүй учраас тамирчид хоорондоо шодож дүнгээ гаргасан болно. Мөн айргийн тавын эцсийн дүн хоорондоо тун ойрхон, хэдхэн страйкын зөрүүтэй байсан нь аргагүй л гал гарсан тэмцэл болсоныг давхар харуулсан гэж бодож байна. “Нээлттэй цомын тэмцээний” хандикапын аваргаар Содномын Мягмарсүрэн (Дэнвэр), алсын цохилтын (long drive) аваргаар О. Оюунболд тодорч, улмаар алсын оновчтой цохилтыг Нэргүйн Хаянхярваа (Чикаго), оновчтой long putt-ыг Цэгмидийн Батзаяа нар гүйцэтгэж тэргүүллээ. Мөн анх удаагаа бүсгүйчууд өрсөлдсөнөөс ахлах сургуулийн сурагч Надмидын Намуунаа түрүүллээ. Тэрээр өмнө нь хүүхдийн болон насанд хүрэгчидийн олон тэмцээнд амжилттай өрсөлдөж байснаас онцолбол 2015 оны Musselman-Dunne Junior Golf Tour-ын хоёр удаагийн аварга, 2015 оны гольфын улсын аваргийн эмэгтэйчүүдийн хандикапын аварга болж байсан хэдий нас баг ч, чинсаа өндөртэй, өсөх ирээдүйтэй гольфчин охин билээ.

Тэмцээний дараа олонх тамирчид алдарт Черчилл Даунд зочилж морин спортын оргил Кентакки Дэрбиг өөрийн биеэр үзэж, моринд нүдтэй Монгол хүн болохоо батлаж, 142 дахь удаагийн Кентакки Дэрбигийн түрүү магнай, торгон жолоо Nyquist ажнайг оновчтой нэрлэж, хиймортой сайхан наадлаа.

Монголчуудын гольфийн нээлттэй цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлсэн Батболдын Эрдэнэбаатар (Чикаго), Очирбатын Мөнхбат (Чикаго), Цэвэгсүрэнгийн Надмид (Льюсвилл) нарт баярлалаа. Мөн үнэт цагаа үл хайрлан тэмцээний бүх л ажилгаанд идэвх зүтгэлээр жигүүрлэн оролцсон гольфийн “Есөн туг” клуб, Индиана- Кентакки мужийн Монголчууддаа нийт тамирчид, дэмжигчидийнөмнөөс талархал илэрхийлээд, ажилын өндөр амжилт хүсьеэ.

Сэтгэлийн тэнхээтэй, сахилга баттай азичууд тэрэн дундаа аливаа юманд сурцтай талын Монголчуудад гольфоор дэлхийд өрсөлдөх бүрэн боломж байгаа, тэр цаг тун удахгүй гэдэгт итгэл төгс байна.

 

Викторын Пагва

Льюсвилл, Кентакки