​УИХ-ын ээлжит бус чуулганы ирэх долоо хоногийн даваа гарагийн хуралдаанаар эдийн засгийг аврахуйц хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон. Үүнд юуны өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл багтаж байна.

Мөн “Урт нэртэй” хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Хэрэв дээрх таван хуулийн төслийг УИХ элдэв улстөржсөн санаа агуулалгүй, зөвхөн эх орноо, эдийн засгаа аврах сэтгэл өвөрлөн батлаад өгвөл тэдний хувьд УИХ-ын гишүүн болон тангараг өргөснийхөө нэгээхэн хэсэг үүргийг биелүүлчихлээ гэсэн үг. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ хийгээд гадаад валютын нөөц дэлхий дахин дахь Монголын эдийн засгийн нөхцөл байдал, нэр хүндтэй зэрэг өсөж олон нийтийг түгшээгээд байгаа ам.доллар, юанийн ханшийн шок арилж болох гол суваг энд бий.

Үнэн хэрэгтээ эрх баригч нь аль ч намынхан байлаа гэсэн өмнөх Засгийн газрын алдааны үр дүн болох дээрх шок үүсэх л байсан. Энэ бол тодорхой бөгөөд маргах аргагүй билээ. Харин шокийг зөв замаар арилгах уу, зүй бусаар тогтоон барих уу гэдэг нь одоогийн хариуцлагатнуудын ард түмний өмнө өгөх том сорилт байв. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрүүдийн дүнд инфляци буурч байсан учраас валютын ханшийн “уламжлалт” өсөлт айхавтар доргилт өгөөгүй нь аз эз төдийгүй зөв арга механизм байсныг хэлэхээс ичих хэрэггүй. Наад зах нь гадаад валютын нөөц интервенц хийх боломжит хэмжээнд хүрэхгүй байсан бол яах байв. Хэл ам, хэрүүл шуугианаас эмээн шатахуун нөөцлөөгүй гараа хумхин суусан бол өнөөдрийн шокийг яаж давах байсан бэ гэдгийг бодолцох л хэрэгтэй.

Нэгэнт “Урт нэртэй” хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль “түүхэн” үүргээ биелүүлж санаачлан батлуулсан эрхмүүд нь УИХ-ын сэнтийд залраад авсан. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт буурч, хөрөнгө оруулалт, бүр тодруулбал валютын урсгал манайхаас дайжсан. “Хэчнээн баялагтай ч хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, улстөрчид нь хувийн эрх ашгийнхаа төлөө юуг ч гэнэт санаачлан хийж мэдэхээр эрсдэлтэй улс орон юм” гэсэн ерөнхий дүр зураг хөрөнгө оруулагчдын ой тойнд мартагдахааргүй бууж үлдсэн.

Одоо энэ алдаагаа ичиж нэрэлхэлгүй засах нь чухал. Үнэхээр дэлхийн улс орнуудын зарим удирдагч алдаагаа засаж уучлал гуйдгийг алга ташин бахархдаг юм бол энэ жишгийг өөрсдөөсөө эхлэн харуулцгаах цаг болж. Монголын парламент эдийн засгийн энэ эгзэгтэй үед “Бидний баталсан хууль алдаатай байжээ. Засаж залрууллаа. Монголд тавтай морил” гээд мэдэгдчихэд ичих зүйл байхгүй биз дээ. Энэ бол буулт биш. Нэг ёсондоо “Бид энэ замаар яваад үзлээ. Буруу байжээ. Одоо өөр замыг сонголоо” гэсэн агуулгатай. Дахиад өөр замыг сонгох ч гарц байж болох. Учир нь боломж бүхэн мөнх бус.

Баттай болон баттай бус эх сурвалжуудын өгүүлснээр өнгөрсөн хугацаанд Монголбанкны удирдлагуудаас “Валютын нөөцөө шавхаж донсолгоо намжтал авраач” гэсэн гуйлт олонтаа ирсэн юм билээ. Тиймээс ч хангалттай хэмжээний интервенц хийж өгсөн. Тэгэх боломж байсанд эхлээд талархах хэрэгтэй. Дараа нь зөвхөн энэ аргаар хол явахгүй гэдгээ бодолцох хэрэгтэй. Яагаад гэвэл гадаад валютын нөөц бол далайн ус биш учраас арвижуулах гарцыг нь УИХ хамтдаа шийдэх ёстой. Энэ нь цаанаа олон нийтийн тайвшрал, макро эдийн засгийн тогтвортой байдал, улс орны эдийн засаг гээд олон давхар үүргийг агуулж буй учраас дээрх таван хуулийг батлахад улстөржих нь хамгийн хорлонт ажиллагаа болох билээ.

Эдүгээ есдүгээр сар дундаа орж байна. Жил бүрийн энэ сард эдийн засгийн нөхцөл байдал, инфляци хэрхэн өсөж байсныг санацгаая. Шатахууны үнэ яг өдийд түгшүүрийн харанга дэлддэг. Инфляци тэнгэрт тулж ам.долларын ханш өсдөг. Үүнийг хүчээр барьсан тохиолдол бүхэн хожим арилгаж баршгүй хохирол учруулж байв. Харин энэ удаад эртнээс тоймтой хэдэн хөтөлбөрөөр эгзэгтэй цэгүүдээ хянаж чадсан учраас цохилтын хүч харьцангуй сул байна. Гэхдээ энэ нь “Түгшүүр дууслаа” гэсэн үг биш. Аюул ард биш урд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Мэдсээр байж ямар нэгэн үйлдэл хийхгүй сул зогссоноор улс төрийн нэр хүнд олж болох ч эрх мэдлийг гартаа атгасныхаа хувьд ард түмний өмнө гэмтэн болох учиртай. Энэ эрх мэдэл эдүгээ УИХ-ын эрхэм гишүүдэд л байна. Тиймээс чухам ямар санаа агуулж эрх мэдэлд хүрснээ сонгогчдод харуулахын тулд дээрх таван хуулийг батлахдаа “Yes”, “No” товчлуурын өмнө сонголтоо зөв хийх хэрэгтэй болж байгаа юм. Ирэх долоо хоногийн даваа гарагт эдийн засгаа аврах эсэхийг, мөн бид эх орончдыг уу, эсвэл “улстөрчин”-ийг сонгосон уу гэдгээ харах нь.

 

У.Оргилмаа