Монгол орон 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн бөгөөд шилжилт Монголын эдийн засагт хүндээр тусаж, 1990 оноос 2000 оны хооронд арван жилийн эдийн засгийн өсөлт алдагдсан.

Гэхдээ тэр цаг үеэс хойш эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэж, 2012 онд 17.5 хувьд хүрч, түүхэн дээд амжилтыг тогтоогоод байсантай маргах хүн гарахгүй.

Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас төрийг жолоодох эрхмүүд өөрчлөгдөж, эдийн засгийн өсөлт уруудаж, өнөөдрийн байдлаар 0.1 хувьд хүрээд буй. Тэгвэл эдийн засгийн өсөлт агшиж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаагаас үүдэн өдрөөс өдөрт чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлснээр банк, санхүүгийн статистикийг харвал хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар өсөж, 967.6 тэрбум төгрөг болсон байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ гуравны нэгээр нэмэгдэж, 965.4 тэрбум төгрөг болжээ.

Харин нийт олгосон зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 440 гаруй тэрбум төгрөгөөр буурч, 11.8 их наяд төгрөг болсон байгаа юм. Энэ бол өнгөрсөн гуравдугаар сарын статистик үзүүлэлт гэдгийг энд онцолъё. Өөрөөр хэлбэл, 10 зээл тутмын нэг нь хугацаа хэтэрсэн буюу чанаргүй зээлд тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 2.5 хувиар нэмэгдэж, 8.2 хувь боллоо. Нийт аж ахуйн нэгж болон иргэдийн дунд зээлийн эргэн төлөлт муудсаар байгааг Монголбанкаас мэдээлсэн.

Хачирхалтай нь, чанаргүй зээлийн нийт ипотекийн зээлд эзлэх хувь өссөн гэсэн дүнг танилцуулсан билээ. Товчхондоо, чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн жил гаруйн хугацаанд нэмэгдсэн байна. Чанаргүй зээл 0.8 хувь болж, 2012 оноос хойшхи дээд хэмжээнд хүрч нэмэгджээ. Дэлхийн аль ч улсад банкны салбарын нийт зээлийн гурав хүртэлх хувийг чанаргүй зээл эзэлж байвал хэвийн гэж үздэг. Гэтэл Монгол Улсад энэхүү чанаргүй зээлийн хэмжээ түүхэн дээд хязгаарт хүрснийг эдийн засагчид онцолж байна. Энэ хэний гавьяа гэж үү... Асуултын хариу маш амархан. Сүүлийн дөрвөн жил засаг толгойлсон намын гавьяа.

Д.БААТАР