УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, С.Ганбаатар, Г.Уянга нар “Оюутолгой” төслийн нэмэлт санхүүжилтын асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаа тухайгаа Төрийн ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

 “Рио Тинто” компанийн зүгээс “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж үзэж, Монголын Засгийн газрыг энэ асуудлыг зөвшөөрч баталгаажуулах хүсэлт тавиад байгаа. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрвөл Монголын ард түмэн хохирно гэж дээрх гишүүд үзэж байгаа аж.

  Тэд “Рио Тинто” компани урт хугацаат их хэмжээний зээл зуучлан өөртөө баталгааны шимтгэл хэлбэрээр 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежмэнтийн төлбөр болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.доллар нэмж авч, зээлийн барьцаанд нь “Оюутолгой” компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгааг хэлээд энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв зөвшөөрсөн байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөх болно гэдгийг энэхүү шаардах бичгээр дамжуулан илэрхийлж байгаагаа мэдэгдэв. Мөн гишүүн Г.Уянга  ойрын хугацаанд УИХ-аар “Оюутолгой” компанитай холбоотой мэдээллийг сонсох, ингэхдээ тус компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан гишүүдээс мэдээлэл сонсох ёстой гэж үзэж буйгаа хэллээ.

  “Оюутолгой” төслийн  хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр Засгийн газар ажиллах ёстой гэдгийг дэмжиж, уг шааардлагад Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Б.Наранхүү, А.Тлейхан, С.Одонтуяа, Л.Цог, Ц.Цолмон, Р.Бурмаа, Ж.Батсуурь, Ж.Батзандан нар гарын үсэг зурсан гэдгийг тэд  хэллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.