Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайд Ж.Лантри-г Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2015 оны 12 дугаар сарын 22-нд Итгэмжлэх жуух бичгээ барихтай холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Австралийн Холбооны Улс нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа байгуулахаар шийдвэрлэсэн нь тус улсын Засгийн газраас хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Улмаар талууд хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож, Элчин сайдын яам нээгдсэнээр улам бүр өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.