Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайд Ж.Лантри өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ноён Ж.Лантри Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд болж буйд нь баяр хүргэв. Мөн тэрээр Монгол, Австрали нь уламжлалт найрсаг харилцаатай орнууд болохыг дурдаж, ийнхүү Элчин сайдын яамаа байгуулж буй нь Австралийн Засгийн газрын зүгээс хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ж.Лантри Элчин сайдын яам байгуулахад Монголын талаас дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ тэмдэглэв. Нэн ялангуяа боловсролын салбарын хамтын ажиллагаа, Австралийн Засгийн газрын тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд хэмжээний чуулга уулзалтад Австралийн талаас өндөр түвшинд төлөөлөгч оролцуулна хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Ж.Лантри нь ХБНГУ, БНХАУ болон Япон Улсад ажиллаж байсан туршлагатай дипломатч бөгөөд Элчин сайдын томилогдох хүртэл Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан ажээ.