2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд УИХ-аар "Батлан хамгаалах тухай хууль", "Зэвсэгт хүчний тухай хууль", Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль, гэсэн дөрвөн хууль шинэчлэн батлагдсан билээ. Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энэхүү багц хуулийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд өнөөдөр гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд болон Батлан хамгаалахын үе үеийн сайдууд оролцлоо.

Хууль гардуулах ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ " Миний бие Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойшхи багахан хугацаанд олон жилийн турш хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг Монгол Улсын Их хурлаар батлуулах томоохон ажлыг та бүхэнтэйгээ хамтран хийж чадсандаа баяртай байгаагаа байна гээд Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн нөр их ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээж, хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын гишүүн, Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын үе үеийн сайдууд болон ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье" гэлээ.

Монгол Улсын Их хурлын 2016 оны ээлжит бус нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэн баталсан нь батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тухайлбал: Батлан хамгаалах тухай хуулиар батлан хамгаалах тогтолцоог зөвхөн цэргийн арга хэмжээгээр хязгаарласан ойлголтоос өргөн хүрээгээр тодорхойллоо. Батлан хамгаалах тогтолцооны үндсийг орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа гэсэн өөр хоорондоо нягт уялдаа холбоотой гурван тулгууртай байх асуудлыг анх удаа хуульчиллаа. Түүнчлэн цэргийн, цэрэгжсэн байгууллага зэрэг олон салаа утга бүхий ойлголтыг нэг мөр болгон Монгол Улсын төрийн цэргийн байгууллыг тодорхойлж, цэргийн байгууллын тогтолцоог тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байгууллагаас бүрдэхээр тогтоосон. Эдгээр байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрэм, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдарын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх эрх зүйн үндсийг бий болголоо. Мөн алба хаагчдын нийгмийн хамгаалал руу чиглэсэн олон чухал зүйл заалт орсонд цэргийнхан талархан хүлээн авч байна. Ийнхүү Монгол улсын ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд анх удаа ирж тус салбарынханы хамгийн их хүсэн хүлээсэн хуулийг гардуулан өгсөн нь тэмдэглэлт үйл явдлан нэгд зүй ёсоор орж байгаа тухай албаны хүмүүс ярьж байлаа.