Зохиолч Г.Сүхзоригийн "Саарал хотын үдэш" яруу найргийн үдэшлэг ирэх арваннэгдүгээр сарын 3-нд "Туул" ресторанд болох гэж байна. Энэхүү яруу найргийн үдэшт "Нисванис" хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, "Шөнийн галт тэрэг" хамтлагийн дуучин М.Цэцэнбилэг нар урилгаар оролцох ажээ. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг олон улсад хөшгөө нээсэн "Жангар" хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн юм. Тэрээр 2003 онд "Эрх чөлөө-Миний сүүдэр", 2007 онд "Бүгд над шиг хийсвэр", 2012 онд "Шувууны нүд шиг нар..." яруу найргийн түүврүүдээ хэвлүүлжээ. Мөн дэлхийн соёл урлагийн "Делфик III" наадмын яруу найргийн "LURA AWARDS" шагналыг 2009 онд, БНСУ-ын нэрт яруу найрагч Ким Дал Жины нэрэмжит олон улсын яруу найргийн наадмын зохион байгуулагчдын тусгай шагнал 2011 онд тус тус хүртсэн байна. Ингээд "Саарал хотын үдэш"-ийн талаар яруу найрагч Г.Сүхзоригоос  тодруулснаа хүргэе.

-"Саарал хотын үдэш"-ийн эзнээс эхлээд яруу найргийн тухай бодлыг нь сонсъё?


-Би хамгийн сүүлд 2005 онд "Болор цом" наадмын  тайзан дээрээс шүлгээ уншсан. Түүнээс хойш тайзан дээр огт гараагүй. Яруу найргийн тэмцээн, наадмуудад оролцоогүй. Яагаад гэвэл яруу найргийн үнэлэмжийн хувьд би өөр бодолтой. Яруу найраг бол сапрано, баритон хоолойтон шалгаруулах уралдаан биш. Би өөрийгөө яруу найрагч гэж боддог учраас яруу найргийн  тэмцээн наадамд оролцох утгагүй санагддаг. Ер нь яруу найргийг сонсч биш уншиж мэдрэх ёстой.  

-Яруу найргийн үдшээ яагаад "Саарал хотын үдэш" гэж нэрлэв?

-Нэг их гүн гүнзгий утга санаагүй ээ. Улаанбаатарт маань өвөл ирлээ. Нөгөө их утаа нь эхэлнэ. Утаатай саарал хотод бид нэг хэсэгтээ амьдарна. Тиймээс л ингэж нэрлэсэн. Тэгээд ч би саарал өнгөнд дуртай.

-Нээрээ таны зохиолд саарал хүмүүсийн түүх, Саарал гэж нэртэй баатар хүртэл байдаг байх аа?

-Тийм. Гэхдээ яруу найргийн үдшээ ингэж нэрлэсэн нь зохиолуудтай маань нэг их хамаагүй. Зүгээр л саарал өнгө надад таалагддаг.

-Яруу найргийн үдэш хийх санаа яагаад төрөв?

-Амгаа, Цэцээ бид унаган хотын хүүхдүүд. Ах нарыг орцны үүдэнд банзан гитар балбаж дуулахыг сонсч өссөн. Тиймээс рок, поп, амьд хөгжим сонсдог. Уран бүтээлчийн хувьд би Л.Энх-Амгалантай дотно найз. М.Цэцэнбилэг бид хоёр арван жилийн нэг ангийн андууд. Хар багаасаа хамтдаа рок хөгжим сонсч өссөн, уран бүтээлийн хувьд ойр дотно хоёр найзтайгаа хамтран яруу найргийн үдшээ зохион байгуулах гэж байна. Нэг ийм үдэшлэг хийе л  гэж бодсон. Бас нэг их гүн гүнзгий утга байхгүй ээ. Сайхан шүлэг, рок, поп дуу сонсч кайф авах боломжийг залуустаа олгож байгаа юм. Дээр нь энэ үдэшлэг маань олон сюрпризтэй. Францад ажиллаж амьдарч байгаа хоёр сайхан найрагч анд маань оролцоно. "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Хасар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго гэж хоёр сайхан найрагчийн шүлгүүдийг энэ үдэш сонсох болно.  Мөн "Нүүдэлчдийн уран бүтээл" холбооноос эрхлэн гаргасан номуудын багцыг  болон миний анхны номын эхийг дуудлагаар худалдана.

Эх сурвалж: Ардын эрх сонин