Л.ХЭРЛЭН

Улс орныг удирдаж чадна, мандуулна, хөгжүүлнэ  хэмээн  улиг болтол ярьж УИХ-д сонгогдсон  эрхэм түшээд маань  байнд  байтугай банзанд дөхөж очсон зүйл нэг ч хэлж, хийж чадахгүй таван сарыг ардаа хийлээ. Мэддэг, чаддагаар маруухан нөхөд голдуу. М.Энхболдын тэргүүлсэн энэ УИХ магадгүй түүхэнд хамгийн  чадамжгүй, гишүүд нь боловсролоор тааруу, мэдлэг чадваргүй  гэж бичигдэх байх. Дээр нь М.Энхболд өөрөө   УИХ-ын дарга шиг байж чадахгүй байна. Тиймээс парламентын цөм хэсгийг буюу үнэмлэхүй олонх болсон 65-ын бүлгийг бүрдүүлж буй  МАН-ын гишүүд  техникээр бол  удирдлага нь алдагдчихсан эсвэл асч унтарч түг таг гээд байдаг болчихсон   ямаан мотоцикль  аятай л байна.

Хуулийн төсөл хэлэлцэхэд   олигтойхон  дуугардаг гишүүн  хууччуулыг нь  эс тооцвол  МАН-д алга. Бодлого ярих хэмжээнд  ядаж онолын ч болтугай хуурай мэдлэг байдаггүй юм гэхэд  практик талаас нэг иймэрхүү байдаг юм шүү дээ гээд дундуур дулимаг ч гэсэн  тушлага хэлчих хүн алга. Юун хууль, хууль ч гэж дээ нөгөөх нь төсөл,  бодлого биш санал шүү дээ. Тиймхэн зүйл дээр наад зах нь  хувийн бодлоо гаргаад хэлчих хэмжээнд   “Б” нь байтугай “А”  ч алга. Байнгын хорооны хурал дээр  МАН-ын хуучин хэд дээр АН-ын гишүүд л дуугардаг, бусад нь таг. Ёстой нөгөө МАН-ынх бол “Бор халзан төлөг” ч хамааргүй гарсан гэдгийг бүх талаар нотолж, баталж, бүр баталгаажуулж  өгч байна. Сайд нар нь ч ялгаагүй. Ямар сайндаа “Эдийн засаг хямарч байгааг, ам.долларын ханшийн өсөлтийг анхааралтай ажиглаж байна” гэж хэлээд  онигоонд орохов. Тэр бүү хэл  зарим нь Хамтын тэтгэврийн хууль санаачилснаар эрт тэнгэрт одсон нэгийнхээ авдаг байсан тэтгэврийг үлдсэн нь авч буяныг нь эдэлнэ гэснийг  “Хөгшчүүл бие бие рүүгээ муухай харна” гэж монгол хүний  ой ухаанд ч оромгүй зүйрлэл хэлж муйхар аргаар  хүчингүй болгуулж  байв. Эмэгтэй гишүүд нь БНСУ-д туршлага судлах нэртэй оччихоод зээлээр хэсч буй авгай нар аятай  аяглаж явсан нь олны анхааралд өртөж хэл ам дагуулсан. Алгын чинээ нүүр ч яахав, улсын нүүр царайг улайлгасан. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд ирсэн  эмэгтэй гишүүн  субботиникт  ирж  байгаа юм шиг хувцаслачихсан  явсан. Энэ яахав гэхэд хуулийн төсөл,  хэлэлцүүлэг, байнгын хорооны санал дүгнэлт, ажлын хэсгийн байр суурь гээд сэдэв зөндөө. Мэдэх, ярих  гишүүн  байдаггүй. Захын гишүүн дээр сэтгүүлч очоод хоёр асуулт асуухад хариулж чадахгүй элэг доог. Эхний  асуултад бүрэн дүүрэн хариулчихаж чадахгүй  барьц алдан өндөлзөж байснаа хоёр дахь дээр нь “Би ажилтай, завгүй болчихлоо” гээд гүйгээд алга болох жишээтэй. Зарим нь бүр  цагаандаа гарчихсан, би наад асуултад чинь хариулахгүй. Хариулахгүй байх нь миний эрх гэх. Нөгөөтэйгүүр, мэдэхгүй, мэдлэггүйгээ иймэрхүү  эрээгүй төрхөөр  нуухчаа аядах. Эдийн засгийн асуултад  Эдийн засгийн байнгын хорооны гишүүд л хариулна шүү дээ гээд зугтах нь арчаагүй.  Хуулийн төслүүдээр Хууль зүйн байнгын хорооны гишүүд л ярина шүү дээ гэж бултахчаа болох нь өрөвдмөөр. Миний гар дээр мэдээлэл ирээгүй, ирэхээр нь яръя гэж зарим  худал үнэн  залах нь ч бий. Энэ мэтээр ямар ч төсөл, төлөвлөгөө  гээч юм МАН-ын голдуу гишүүдэд   байдаггүй юм байна.  Өөрийн байр сууриас  зоригтой дуугарчих хүн ч МАН-д алга. Засаг, төрийн байдал нэг иймэрхүү.

МАН угаасаа босоо тогтолцоотой , нэг хүний дохио зангаа, даргын амаар дуугардаг нам хэдий ч энэ байдал хэтэрхий. Тэгэхээр нэг бол удирддаг дарга нь мэдээллээр хангаагүй, ангайдаг амных нь хайрцагт тохирсон байдлаар хүн хүнд тааруулсан үг зааж өгөөгүй. Эсвэл  дарга нь үг зааж өгсөн ч гишүүд нь  түүнийг нь тогтоож авах чадвар сул, толгой муу, толгой муу байхад цээж нь ядахад юм  тогтоодоггүй хоосон хонгио болж таарч байна. Бас нэг зүйл нь АН-ыг хэлэлтгүй Ардын нам нууж чаддаг л болохоос  дотооддоо бүлэг, фракциудынх нь тэмцэл хурцадмал. Намын дарга нь УИХ-ын дарга болчихоор гүйцэтгэх засаглал дээр ярьж байгаа зүйл нь бүлэг, фракцын хуваагдлаар урагшлахгүй, Засгийн газраас оруулсан намын мөрийн хөтөлбөрт орсон асуудал нь ч шийдвэр гаргах  түвшинд   унаастай. Намынх нь рейтинг сонгуулийн үеийнхээс хэд дахин буурсан үзүүлэлттэй байна.  Сүүлийн үед арай дөнгүүрт ордог парламент дахь  хууччуул нь ч   зөнөг залгасан уу,  эсвэл залхчихсан  уу сэтгүүлчдийн асуултад хариулахаа байчихсан.  

Ер нь бол парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэлийнхэн, улс төрийн мэдээ, мэдээлэл бэлтгэж  байгаа  сэтгүүлчид энэ байдалд   үйлээ үзэж байгаа нь нууц биш. Мэдэхгүй, чадахгүйгээр дүүрчихсэн  “Утсан хүүхэлдэй” гэдгийг илчилж, байгаа байдлыг шууд дамжуулчихад бас болохгүй юм үгүй.  Ер нь бол Монголын улс төрд төр, нийгмийн гайхамшигтай зүтгэлтнүүд байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь тэд одоогийнх шиг мөнгөөр нэр дэвших виз авч, ард түмний саналыг мөнгөөр худалдаж аван гарч ирж  байсангүй.  Өөрсдийн хичээл зүтгэлээр эх оронч үзэл баримтлалаар олны дотроос товойн гарч ирж өөрийгөө таниулж өөдөө ахиж дэвшиж  байв.  Сүүлийн  жилүүдийг эргэж харвал  парламентад “Памперстай гишүүд”  ч бас  байсан. Хэдий тийм ч өөрсдийн хичээл зүтгэлээр парламентад  хөл, хэлд орж, улстөрч болж төлөвшиж, хэн бэ гэдгээ таниулсан  нь ч бий. Сугарч хоцорсон “суга гишүүд” ч байдаг. Түүн шиг энэ парламент хэзээ хэл, хөлд орох бол. Хэзээ дуу хоолой нь  нэгдэн нийлэлдэн нэгэн цогцоор асуудалд хандах бол. Монголын төлөө  зүтгэхээ андгайлсан хууль тогтоох байгууллага  маань хэзээ сул дорой байдлаа гээж, хүчтэй, зоригтой, өөртөө итгэлтэй болох бол....

Эх сурвалж: www.polit.mn