Монгол Улс 1997 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 25-нд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээр нийгэмд гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой.

Гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж байгаа төдийгүй хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд, эмэгтэйчүүд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих хандлагатай байна. Иймд олон нийт, бодлого шийдвэр гаргагч нарт хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчилснөөр салбар дундын хамтын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа юм.

Энэ жилийн тухайд өнөөдрөөс "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгэн зэрэг эхлүүлж байна. Тус аян нь  жил бүрийн арваннэгдүгээр сарын 25 буюу “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдөр”-өөс Олон улсын хүний эрхийн өдөр болох 12 дугаар сарын 10-ныг дуустал үргэлжилдэг.

Монгол Улс энэ жилийн аяныг “Хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна” уриан дор зохион байгуулахаар болжээ. Дашрамд дуулгахад, 2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан ба 1180 хүн гэмтэл авсан байна.

2014 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 619 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 302 хэрэг буюу 51.2 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn