Саяхан даа, Хөвсгөлийн Галт билүү дээ нэг суманд "Бурханаар бөөлжигч" нэг охин гарч ирж баахан бужигнуулж билээ. Тэр тухай мэдээг зурагтаар үзсэн болгоны нүд нь орой дээрээ гарч, ам нь чихээ хүртэл цуурч  гайхан биширч бөөн дуулиан болсон юм даг. Удсан ч үгүй нөгөө гайхлын зэс нь цухуйж бурхнаар гулгидаг мөнөөх "дарь эх" маань бултаар нь хуурсан зальт үнэг болох нь илчлэгдэж, хотлоороо хошгирсон бид дор дороо өөрсдийгөө битүүхэн шоолж, итгэмтгий гэнэн зангаа ичингүйрэн өрөвдөөд өнгөрч билээ хөөрхий.

 

Гэтэл ойрноос түүнтэй төстэй нэг зүйл болох гээд байгаа бололтой. За бололтой ч юу байх вэ, бүүр бодитой болох шинжиндээ ороод улсаар нь хошгируулж, удмаар нь дампууруулах "Босоо ороолонгийн бодлого" чихэнд чимэгтэй гоё үгээр үнэн төрхөө хучаад, чимээгүй гэтсээр улс гэрт маань шүглэх нь.    Өрийн сүлжээнд орж, зээлийн торонд орооцолдсон биднийг өлхөн хуурч, мөдхөн мэхлэх өнөөх хорт санаагаа нам дээрээ сэм хуйвалдаж хөхрөлдөн баясаж боловсруулаад сонгогч биднийг мөнөөх урхиндаа сүргээрээ орж ирж мал шиг мадлагдана, маргааш нь бас гаслалдана гэж лавтайяа итгэсэн сурагтай.

 

"Зээлийн өршөөл" гэх зэвүүн чамин нэртэй энэ "хортой алим" чихэнд сонсголонтой ч үлдээх мөр, үнэн чанар нь тун ч чивэлтэй гэдгийг улсаараа санагтун, хотлоороо мэдэгтүн.

Тэтгэврийн зээлтэй хөгшчүүлийн, цалингийн зээлтэй төрийн албан хаагчдын, сургалтын зээлтэй оюутнуудын, малчны зээлтэй хөдөөнийхний  тархийг хуугаар нь угаасан шиг угааж, саналыг бултаар нь луйвардсан шиг луйвардах энэ чөтгөрийн санааг Ардчилсан намынхан гаргаж, амилсан Ж-дээ өвөртлүүлж гэнэ.           Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт 943.668 иргэн зээлтэй гээд бодохоор "Зээлийн өршөөл" хэмээх зэвтэй дэгээндээ тэд сонгогчдын тэн хагасыг загас шиг гохдож, амаар нь шороо үмхүүлэхээр ажиг сэжиггүй тооцсон аж. Энэ атгаг санааны  цаана чиний миний нэрийг барьж байгаад Чингис бондоос хуссан хулгайн мөнгөө улсад төлөлгүй өршөөлгөчих уран луйвар, мэргэн дээрмийн хэрэг нь ч нуугдаж далдлагдах гэнэ.

 

Цаана чинь та минь өмнөх эрх баригчдын урагшгүй бодлогоос болж улс уутаа гөвж, төр модоо барьчихаад байхад хүмүүсийн авсан 5 их наяд 854 тэрбум төгрөгийн зээлийн өрийг өршөөнө гээд өрсөлдөөд явж байгаа хүнийг эрүүл ухаантай монгол гэх үү? самуун бодолтой самраа гэх үү? Тэнэгийн дотор уужуу гэгчээр нээрээ боловсролгүй хүн бодсон болгоноо болно гэж, санасан болгоноо самрана гэж зүтгэдэг бололтой дог шүү.

 

 Ерөөс Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа л хуулийг уландаа гишгэн дэвсэлж буй хүн хэрвээ гай болж төрийн тэргүүн болчихвол энэ янзаараа хууль ёсыг бүр булшлах шинжтэй. Уг нь улсын төсөв санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал УИХ, Засгийн газарт л хамаатай болохоос бус Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй гэдгийг цагаан дээр хараар бичиж, цаасан дээр хууль болгоод гаргачихсан байна шүү дээ. Мөн Сонгуулийн тухай хуульд "Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна" гэсэн тов тодорхой заалт ч байна. Түүнчлэн уг хуулийн 70.5.4-т "Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, 70.5.16-д "Сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно" хэмээн заажээ. 

 

Даанч энэ бүхэн "Та нар яасан их хууль мөрддөг юм" гэж агсардаг Ардчилсан намын атамануудад огтоос хамаагүй бололтой. Өөрсдөө л өндөр сэнтийд заларч байвал улсаа дампууруулах, төрөө самрах, түмнээ хулхидах ётой ялаа алахын дайны ялимгүй хэрэг бололтой тэдэнд. Энэ янзаараа тэд удахгүй сонгогчдын саналыг худалдан авахын тулд "Бүх хүмүүс гэртээ ажил хийхгүй сууж түүнийхээ төлөө сар бүр цалин авах", "Зээлтэй хүмүүст авсан зээлийнх нь хэмжээгээр ахиж буцалтгүй тусламж өгөх", "Сургуульд сураагүйн тэтгэмж", "Дипломгүйн тэтгэмж", "Гэмт хэрэг үйлдсэний тэтгэлэг", "Их өр тавьсаны өглөг" гээд дараа дараачийн сонсголонт хулхидалтаа хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн байх гэхээс нуруугаар хүйт даана. Аз болоход ард түмэн маань "Үнэгүй хоол хавханд л байдаг" гэдгийг ухаарахтайаа байгаа нь яамай. Бурхнаар бөөлжигч яахав ээ хөөрхий, гэм хор нь үүний дэргэд өчүүхэн юм. Харин үгээр бөөлж, өрөөр бөөлжигч гуайн энэ тохуутай наадаанаас болж "Наадмын дараа намар" биш хямрал дампуурал болчих вий дээ. "Зээлийн өршөөл" хэмээгч эдийн засгийн хараал тусахаасаа өмнө Женкогийнхоо цаад санааг сайн бод, сайн тунгаа.

Хортой алиманд бол нэг хоёр хүн л чадхийх байх, аа харин хортой амлалтад бол улсаараа сөнөж мэднэ шүү гэдгийг бодогтун, болгоогтун. Популизмын золиос болсон Венесуэл, дампуурлын ангалд унасан Грекийн жишээ дэргэд байна. Бас Ардчилсан нам ард түмэндээ тийм л их хайртай байсан юм бол төрийн эрхийг бүрэн барьж байх тэр дөрвөн жилд ард түмнээ өрнөөс гаргахгүй юугаа хийсэн юм гэх асуулт байна. Харин ч улсаа 7 тэрбум долларын өрөнд оруулж, иргэдээ их багагүй өрийн тороор баглаж, өөрсдөө харин цулайтал баяжиж, улайтал идсэн гашуун түүх чинь шинээрээ байна. Ард түмний нэрийг барьж бонд идсэн булай булхайгаа цайруулах гэж байгаа бол санасны гарз. Үнэхээр л тэгж өр ширийг минь төлчих бурхан сэтгэлтэй болчихсон юм бол эрхэм Женко та оффшорт байгаа гэдэг нь батлагдсан 1,1 тэрбум доллараа оруулж ирээд талыг нь ч болов төлчих. Тэгээгүй цагт тогос шиг цоохор дээлээр гоёж, хөхөө шиг цолгиун дуугаар донгодсон ч итгэх арга даан ч алга даа. Чихэн дээр цэцэг ургуулж, хулхин дээр хуур уянгалуулдаг популизмын дуу чинь хөг эгшиг ч үгүй хөгийн сонсогдож байна.                  

 

 

Ж.Сондор

http://news.zone.mn/content/read/100420.htm