“Улс”, “төр” хэмээх хоёр ухагдахуун тусдаа ойлголт уу, хамтдаа нэгэн утгыг хадгалах уу, хэрэв тусдаа бол тэдгээрийн ондоошил хийгээд ижилсэл, харилцан хамаарал, өнөөгийн манай нийгэмд байр сууриа хэрхэн эзэлж, ямар чиг үүрэг гүйцэтгэх, түүнийгээ хэр зэрэг биелүүлж буй нь анхаарал татсан асуудал мөн.

Энэ талаар судлаачид үгээ хэлэх нь зохилтой. Ердийн ухамсрын түвшинд олон түмэн төр засгийг Улсын Их Хурал, Засгийн газраар төлөөлөн, асар их зүйлийг хүсэн хүлээдэг нь зүй ёсны хэрэг.

Төрийн эрх барих, гүйцэтгэх засгийн бүрэн эрхийн хугацаанд тэдгээрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлогоор тодорхойлогдон, дөрвөн жилийн мөчлөгийг хамарч буй нь түүхэн үүднээс улс орны томоохон зорилтуудыг цогц шийдэж үр дүнд хүргэхэд богинохон хугацаа юм. Дараахь дөрвөн жилд нь мөн л сонгуулиар солигдсон эрх барих намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч, энэ завсар төрийн бодлогын залгамж чанарт хийдэл гарч, нэгдмэл байдал сулрах хандлага ажиглагдсаар. Улсын их хурал тогтвортой хөгжлийн баримт бичиг баталсан хэдий ч аль ч нам, ямар ч үед засаг барихаас үл хамааран, даяаршил болон дангааршлын уулзварт улс орны язгуур эрх ашгийг хазайлтгүйгээр хэрэгжүүлэхэд “монгол төрийн хар хайрцагны бодлого” бат бөх байж, тулгамдсан асуудлыг зөв шийдэх чухал хүчин зүйл болох учиртай. Гэтэл манайд өнөөдөр ийм бодлого байна уу, сонгогдсон томилогдсон түшээд маань төр барих ухаанд хэр зэрэг боловсорч, хат суусан билээ гэдэг асуудал үлэмж анхаарал татаж буй бөгөөд уг асуудлыг энэ өнцгөөс эхлэн зөв олж харах нь улс орон өөдлөн дэгжих гарааны цэг болох ёстой баймаар. 
Хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийн замд нэгдэн ороод даруй 25 жил болоход төрийн сонгуулийг хэдэнтээ явуулж, төрд илгээсэн хүмүүсийнхээ чадал чансаа, авир ааш, бодол санааг дэнслэн, улс даяараа ардчилалд суралцаж, алдаа оноогоо олж харахтайгаа болов. Улс төрийн тоталитар дэглэмийн хүлээсэнд удтал баригдаж байсан олон түмний оюун санаа энэ завсар илт сэргэж, оршин буй нийгмийнхээ дүр төрхийг ажиглан, өнгөтэй өөдтэй болгож, улс орны хөгжлийг түргэсгэх, нам төрийн үйл хэргийг цэх шударга байлгах талаар хэлж зөвлөсөн ихээхэн үнэ цэнтэй зүй ёсны санал санаачилга хэрхэн хэрэгжиж, үр шимээ өгснийг бодитой үнэлэн цэгнэж, хариу нэхэх цаг нэгэнт болжээ. Ард иргэд аливаа юманд ул суурьтай, хүлээцтэй ханддаг хэдий ч эрх баригчдын хуурч мэхлэх, худал амлалтанд итгэл алдарч, тэвчээр барагдан, тэсрэлт гарч болзошгүй гэдгийг ямагт ухаарах нь чухал. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, нэрт соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв нэгэнтээ “муу муухай хүмүүс өөрсдийнх нь толгой дээр гараад өтгөн шингэнээ хүртэл асгаж байхад тоохгүй суудаг ард түмэнд ярих юм надад байхгүй” гэсэн гашуун боловч үнэний ортой энэ үгийн учрыг сайтар эргэцүүлж, тунгаан бодох нь тус дэмтэй байж мэднэ. Төр цөмтэй улс төрийн тогтолцоо байх атал нам төвтэй болж бүхний дээр залран, бүгдийг зааж, оролцохгүй юм гэж бараг үгүй болох дөхсөн үед уг гажуудлыг засч, намын хэт оролцоог зүй зохистой хязгаарлах нь зөв болов уу. 
Ардчиллын амин чухал зүйл болох хүний эрх, эрх чөлөөг дээдэлснээр хүмүүст өөрийгөө хөгжүүлэх, ихийг бүтээх урам зориг өгсөн сайн талтай ч, зохион байгуулалт дэг журмыг сулруулснаар нийгмийн эмх цэгц задгайрч, иргэний үүргээ чанд биелүүлэхээс зайлсхийх үзэгдэл гарах болов. Хууль шүүхийн өмнө бүгд адил эрхтэй ч дээгүүр алба хашдаг хөрөнгө чинээтэй нь хэргээс мултарч гэм зэмгүй өнгөрөх, танил талгүй, ядарсан нэг нь ялимгүй зөрчилд холбогдсон ч “аавын хаалга” татах зэрэг нийгмийн ялгаа арилахгүй байна. Өнөөдөр манайд ардчилал “ард түмний засаг” хэмээх сонгодог утгаараа хэрэгжиж байна уу, эсвэл өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх хэрэгсэл болж байна уу гэдгийг бодитой үнэлж цэгнэх нь зөв байх. 
Хуульд захирагдмал төрийг эрх зүйт төр гэх байтал төр захиргааны байгууллага баталсан хууль, шийдвэрээ биелүүлэхгүй байх, тойрч гарахыг оролдох, эрх ашгийнхаа үүднээс тайлбарлахыг хичээх, хууль зөрчсөнийг мэдсээр байж хэрэгсэхгүй өнгөрөөх зэрэг нь эрх зүйт төр төлөвшиж чадаагүйг харуулна. Төр нь төрөөрөө, бизнес нь бизнесийнхээ байр сууринд байж, тус тусын хуулийн хүрээнд ажиллахгүй, харилцан найр тавих байдлаар хандаж байгаагийн улмаас хоорондын зааг ялгаа бүдгэрч сүлэлдэн, төр нь бизнесийн сонирхолд хөтлөгдөн, олигархи бүлэглэл амилах магадлалтай. Үндсэн хуульд тунхагласан “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго” энэ 30 шахам жилд хэрхэн биелж буйг эрх бүхий байгууллага нэгтгэн дүгнэх нь онол арга зүйн ихээхэн учир холбогдолтой. Бидний зорьж буй энэхүү нийгэм ямар үндсэн үе шатуудтай, тус бүр хэрхэн хэрэгжиж буй, ямар бэрхшээл сорилт тулгарч, хэрхэн даван туулсан, улс төр, нийгэм, эдийн засаг эрх зүйн үүднээс шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа асуудлуудад анхаарал хүчийг төвлөрүүлэн хэрхэн ажиллах талаар удаа дараагийн эрх барих, Засгийн газар тухай бүр ул үндэстэй мэдээллээр хангах явдал дутмаг байсны улмаас энэхүү эрхэм зорилгын хувь заяа хэрхэх нь бүдэг, цаасан дээр үлдэхэд хүрч болзошгүй гэдгийг анхаармаар. Шинжлэх ухааны холбогдох байгууллагын эрдэмтэн мэргэд улс орны хөгжлийн амин чухал энэхүү асуудлыг хамтын хүчээр нухацтай судлан боловсруулж дорвитой бүтээл туурвил гаргах нь нийгэмд хүлээгдэж буй зангилаа асуудал мөн. Төр хүчгүйдэх, эдийн засаг тамирдах, хөрөнгө оруулалт саарах, хөгжил удаашрах, хүмүүсийн итгэл буурах зэрэг нийгмийн сөрөг хандлагыг хязгаарлан, зөв гольдролд хэрхэн оруулах нь юуны өмнө улс төрийн тогтолцооны төлөвшлөөс үлэмж хамааралтай гэдгийг онцлон хэлэх нь зүйд нийцнэ. 
Ардчилал, зах зээлд шилжээд төдийлөн удаагүй, улс төрийн туршлага дутмаг манай орны нөхцөлд хорь гучаар тоологдох олон тооны бус, харин гарын таван хуруунд багтах, байр сууриа олж бэхэжсэн, цөөвтөр намуудтай байх нь зохилтой. 
Энэ үүднээс ойролцоо үзэл баримтлал бүхий намууд нэгдэж бэхжих, хатуу гишүүнчлэлгүй байх үйл явц өрнөх боломжтой. Дэлхийн туршлагаас харахад ихэвчлэн холбооны улсуудад парламент нь хоёр танхимтай байх бөгөөд нэгдмэл төрийн зохион байгуулалттай Монгол оронд түүндээ тохирсон, одоогийнх шиг 76 гишүүнтэй бус, харин 56 гишүүнээс бүрдэх, ихээхэн чадварлаг, үнэхээр ажил хэрэгч нэг танхимтай Улсын Их Хурал байх нь улс төр, нийгэм, эдийн засгийн үүднээс илүү зохистой. Аливаа юманд “хөнжлийнхөө хэрээр” гэсэн үг бий. Дотроо нэлээд харьцангуй бие даасан хэд хэдэн улс буюу мужуудтай, түүнээсээ хамаарч төрийн зохион байгуулалт нь нарийн түвэгтэй, томоохон хүчирхэг улсуудыг дагана гэвэл “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгч болох бий гэдгээс ихээхэн болгоомжлох нь зүйтэй. Хэт улс төржиж, сэтгэлийн хөөрлөөр улс орны цаашдын хувь заяатай холбогдох төрт ёсны эмзэг асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй гэдгийг ухаармаар. Улсын Их Хурал өнөөгийнх шиг эрээвэр хураавар бүрэлдэхүүнтэй бус, дийлэнх нь эрх зүйчид байвал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх мэргэшсэн парламент байх дүр төрхөндөө дөхөж ирнэ. Дэлхийн улсуудад ч ийм жишиг байгаа нь санамсаргүй хэрэг хараахан бус гэлтэй. Ер нь шилдэг сайн эрх зүйч бол төрийн хуулийн “судас баригч, инженер технологич” гэсэн үг. Улс орны тулгуур багана, зүтгүүр хүч нь төр мөн. Төр ганхвал нийгэм суларна. Төр хүчирхэг байвал нийгэм байр сууриа олж хөгжин бэхжих зүй тогтолтой. Тэгвэл “төр” хэмээх гуравхан үсгээс бүрдэх энэ үгийн ид шид нь юунд орших, юуг төр гэх тухай асуудлыг эрдэмтэн мэргэд, бүхий л үеийн турш хамгийн их судалсан хэдий ч мөн чанарыг нь бүрэн тайлж чадаагүй гэхэд болно. Төрийн тухай ойлголт тодорхойлолт маш олон янз байх боловч бидний бодлоор Италийн судлаач Макивелли “Төр бол эрх зүйн туслалцаатайгаар хүмүүсийн аж амьдралыг зохион байгуулдаг улс төрийн хэлбэр мөр” гэсэн нь товчхон мөртлөө нэлээд үндэслэлтэй гэмээр. Төрийн тухай асуудал шинжлэх ухааны хэд хэдэн салбарт хамаарах бөгөөд түүний дотор хууль зүйн шинжлэх ухаанд нэн тулгамдаж буй тул энэ талаар анхаарч, хөрөнгө хүч гарган, мэргэшсэн эрдэмтдээс бүрдсэн баг бүрдүүлж, төсөл хэрэгжүүлэх нь цаг үеийн шаардлагаар нөхцөлдөж буй. Төрийн тэргүүний болон Улсын Их Хурлын бүрэн эрхийг Үндсэн хуульд бататгасан байдлыг харьцуулахад Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэхээс илүү Парламентын засаглалтай гэх шинж давамгайлна. Учир иймд Ерөнхийлөгч үүргээ хэрхэн биелүүлснийг дүгнэхдээ Үндсэн хуульд нийцүүлэн үзэхээс бус, түүнд тусгайлан олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэх мэт ойлгох нь илүүц зүйл. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч байж, Улсын Их Хурлын баталсан хууль, шийдвэрт хориг тавих эрх эдлэх нь түүнийг хүчтэй Ерөнхийлөгч гэх үндэслэл болохгүй. Хэрэв түүнийг хүчтэй Ерөнхийлөгч болгох шаардлагатай гэж үзвэл бусад зарим чухал бүрэн эрхийг нэмж эдлүүлэхээр хуульчлах хэрэгтэй болно. 
Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг сонгодог жишигт ойртуулан хуульчилж, уялдаа холбоог нь хангахад илүүтэй анхаарах нь төрийн байгууллын практикт тулгамдаж буй. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах тухай Үндсэн хуульд заасан нь нэг талаар эрх зүйн үүднээс зайлшгүй боловч нөгөө талаар хэлбэрдэх шинжтэй болсон тул энэхүү үйл явцыг агуулгын хувьд төгөлдөржүүлэх зорилгоор нэмэлт тодотгол хийх нь зүйтэй. Бидний бодлоор Ерөнхийлөгчид нэр дэвшигч үнэхээр шалгарсан, өргөн мэдлэг туршлагатай, төр барих ухаанд боловсорч хат суусан, ямар нэг зөрчилд холбогдоогүй, ёс суртахууны талаар тэгш, ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхий нийтэд өндөр нэр хүнд бүхий, улс орны төрийн жолоог залж чадах зангарагтай, жинхэнэ лидер удирдагч байх нь зохилтой. Улс төрийн намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч зохих шалгуурыг хэрхэн хангасныг тал бүрээс нь сайтар нягтлан үзэж, ихээхэн хариуцлагатай хандах нь чухал. 
Монгол Улсыг улсын дайтай аваад явчихаар шилдэг удирдагч илт үгүйлэгдэн, нэг хэсэгтээ бараг төрөхгүй болов уу хэмээн сэтгэл зовниж буйгаа шуудхан хэлмээр. Тус улсын Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн, Улсын Их Хурлын гишүүнд 30 нас хүрсэн иргэнийг сонгохоор хуульд тусгах нь зохистой. Энэ нь төрийн нэр хүндийг дээшлүүлэхэд учир холбогдолтой. 
Нэгэн их сэтгэгч “хуулийг зохиохгүй, харин томьёолдог” гэсэн мэргэн үг хэлсэн билээ. Энэ дагуу бид Үндсэн хуулийг зохиогоогүй, харин нийгмийн шинэ харилцааг тохируулах зорилгоор эрх зүйн дээд хүчин чадал бүхий актын түвшинд технологийн зохих горимыг баримтлан томьёололд оруулсан хэрэг даруй мөн. Энэ үйлсэд хэн нэгэн сайн хуульчийн гүйцэтгэсэн үүрэг асар их ч гэлээ шинэ Үндсэн хуулийн анхны шан татах ажил 1990-ээд оны улс төрийн өлсгөлөнгийн үетэй давхцан нэр бүхий хуульч, эдийн засагч, нийгэм судлаачаас бүрдсэн ажлын хэсгээс эхлэн, хоёр жилийн турш удаа дараалан байгуулагдсан хэд хэдэн багийн гишүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд суурь нь тавигдсан түүхэн үнэнийг мартах учиргүй. Нийт дүнгээрээ Үндсэн хууль бол хууль тогтоогчдын ухаан бодлын цогцлол, Монголын ард түмний оюуны хамтын бүтээл, Монголын улс төр эрх зүйн нэн чухал баримт бичиг мөн хэмээн тодохойлж болно. Үндсэн хууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын нийгэм, эдийн засаг, төрийн байгуулал, хүний эрхийн нийтлэг зарчмуудыг дэлхий нийтийн жишгээр бататган хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын тулгуур ач холбогдолтой суурь хууль мөн. Асар хурдтай нийгмийн хөгжлийг дагаад Үндсэн хуулийг улам чамбайруулан сайжруулах нь зүйн хэрэг ч гэлээ, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэгч болох вий гэдгээс сайтар болгоомжлох нь зүйтэй. Дэлхийн түүхэнд анхны сонгомол Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хууль өнөөг хүртэл 200 гаруй жилийн турш 20 гаруй нэмэлттэйгээр тогтвортой дагаж мөрдөгдсөн, хамгийн урт настай төрийн гол хууль мөн. Энэхүү Үндсэн хуулийн нэг онцлог нь зарчмын гэмээр суурь харилцаануудыг голлон бататгаж, харин бусад органик хуулиар зохицуулах тодорхой асуудлыг тэр бүр Үндсэн хуульд байр эзлүүлээгүйд оршино. Монгол Улсын Үндсэн хуулийг сайжруулахад энэ мэт технологийн шинжтэй асуудлыг анхаарахад гэмгүй. Энгийн жишээгээр АНУ-ын Үндсэн хуулийг “элбэг дээлтэй” зүйрлэвэл Монгол Улсын Үндсэн хуулийг “бариу хувцастай” адилтгамаар. Багадсан хувцсыг томруулахад материал нэлээд орохын адил тус улсын Үндсэн хуулийг сайжруулахад “нөхөөс” болох нэмэлтийг нэлээд оруулах хэрэгтэй болно. Ер нь Үндсэн хуульд хэт жижгэрсэн заалт оруулах нь хэзээ нэгэн цагт түүнийг өөрчлөхөд хүрдгийг бодолцмоор. 

Тэгшжаргалын СЭНГЭДОРЖ
МУИС-ийн профессор