Испаний Валенси мужид төрийн албаны маш гайхалтай тохиолдол гарчээ. Мужийн архивын газрын ажилтан Карлес Ресио нь 10 жилийн турш өглөө ажилдаа ирэх, орой тарах үед бүртгүүлээд бусад цагаар нь хувийнхаа ажлыг хийж байсан нь илэрчээ. Өмнө нь ижил хүйстэн эрчүүдэд зориулсан үдэшлэг цэнгүүн зохион байгуулдаг байсан тэрээр 2006 онд төрийн албанд орж мужийн архивын газар ажиллах болжээ. Цалинг нь жилийн 50 мянган еврогоор тогтоосон байна. Гэтэл энэ бүх хугацаанд тэрээр үндсэн ажлаа нэг ч удаа хийгээгүй аж. Ажлын өдөр бүр өглөөний 07.00 цагт ажилдаа ирж бүртгүүлээд албан өрөөндөө аяга кофе уун 30 минут суугаад гарч хувийнхаа ажлыг хийдэг байжээ. Үдээс хойш 15 цаг 30 минутанд ирж өрөөндөө 30 минут суун кофе уугаад ажил тарах 16.00 цагт хурууныхаа хээг дараад явдаг байсан аж.

Энэ бүх хугацаанд тэрээр зурган ном бүтээх ажил хийжээ. Хэд хэдэн ч ном гаргасан байна. Харин төрийн албаны ажлыг “бөөн уйтгар, хар дараа” гэжээ. “Архивд хүн бүр нэг хэвийн ажлыг өдөр бүр дахин дахин хийдэг, ёстой уйтгартай” гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Төрийн ажлыг хийдүүлж 10 жил сул цалин авч байсан нь илэрмэгц тэрээр эмнэлэгт хэвтжээ. Өдгөө түүнд хариуцлага хүлээлгэхээс гадна архивын газрын даргад ч мөн арга хэмжээ авахаар яригдаж байна.