Зам-Үүдийн гаалийн байцаагч өнгөрсөн 4 сард бусдаас авилгал авсан байна. Хуулийн байгууллага түүнийг авсан хэргээр шалгахын зэрэгцээ авилгал өгсөн, зуучилсан хүмүүсийг хамт шалгалаа. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж авилгал авсан гаалийн байцаагчийг гэм буруутай гэж шүүхээс үзэн нэг жилийн хорих ял оноосон байна.

Монгол Улсын иргэн Ц.Мөнхжаргал нь Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн гаалийн улсын байцаагч Батболдын шалгалтаар илрүүлэн хураан авсан 950 грамм мана чулууг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баатархүүд буцааж өгчээ. Ингэхдээ Батсайханаар зуучлуулж Баатархүүгээс 826,000 төгрөгийн хахуулийг ажлын байрандаа өөрийн биеэр авсан гэмт хэрэгт шалгагдсан юм.  

Авилгал авсан гаалийн байцаагч Ц.Мөнхжаргал нь Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1974 оны 06 сарын 14-нд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хэрэгт холбогдох үедээ Замын-Үүд дэх гаалийн газарт хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй нэгэн юм.

Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2017 оны 08-р сарын 29-ны өдөр хэлэлцсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт авилгал авсан гаалийн байцаагч Ц.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Эйр транс гаалийн хяналтын талбайг ахлан ажиллаж байсан. Ц.Батсайхан яриад дүү хил дээр жаахан чулуу хураалгасан байна. Тэрийг авч өгөх арга байна уу гэсэн. Би ажлын зав чөлөөгөөр уулзая гэсэн. Хил хаахын өмнө 17 цагийн үед тэрийг хураасан байцаагч Батболдтой уулзахад Өнөрбуянтай уулз гэсэн. Тэгээд уулзаад 1 кг орчим хэмжээтэй чулуу авчихаад гарч явахад Батболд машин шалгаад зогсож байхаар нь ахлахад чинь хэлээд жаахан чулуу авчихлаа гэж хэлээд явсан. Тэгээд цаашаа гарахдаа нөгөө хүүхдээ надруу явуулчих, чулууг нь авчихлаа гэж хэлсэн. Тухайн үедээ ирээгүй. Маргааш нь хил амарсан болохоор би хөдөө явсан. 05–ны өглөө Ц.Батсайхантай яриад би ажил дээрээ байна,нөгөө хүүхдээ над руу явуулчих гэсэн. Тэгээд Б.Баатархүү өдөр над дээр 800,000 төгрөг бариад ирсэнийг нь авсан. Батсайхан тэр мөнгийг намайг авчихаарай гэж хэлсэн байсан юм. Чулуу чинь гэрт байгаа, чулуугаа аваарай гэсэн. Тэгээд гарч яваад 5 минутын хугацаа ч болоогүй байхад цагдаа нар орж ирээд өрөө болон машин, гэрт үзлэг хийсэн. Гэрт байсан чулууг би гаргаж өгсөн. Шөнийн 12 цаг хүртэл намайг саатуулсан. Маргааш өдөр хүрээд ир, хот руу Авлигатай тэмцэх газар руу авч явна гэсэн. Шөнийн 12 цаг өнгөрч байхад намайг гаргаж гэр рүү явуулсан. Өглөө нь би яваад очсон. Орой 17 цагийн үед хоёр цагдаа гавлаад аваад явсан. Тэгээд Авлигатай тэмцэх газар хүргэж өгсөн. Баатархүүгийн хувьд 600,000 төгрөг өгнө гэхээр нь Батсайхан 800,000 төгрөг ав гэсэн болохоор л авсан. Энэ 2 хүн хоорондоо юу ярьсаныг би мэдэхгүй. Найз маань гуйж байхад 1 кг хүрэхгүй, 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй чулууг авч өгөхийн тулд 800,000 төгрөг нэхэх хүн би биш юм. Олон жил гаалийн байгууллагад янз бүрийн асуудал тохиолдож байсан. Намайг хэрэгт оруулах гэсэн зохион байгуулалттай зүйл гэж бодож байна, энэ хүн 800,000 төгрөг өгсөн, ардаас нь 5 минут хүрэхгүй хугацаанд цагдаагийнхан ирсэн. Үнэнийг олж зөв шийдэж өгөөсэй гэж бодож байна, би бүх шатны шүүхэд гомдол гаргана ” гэж мэдүүлсэн байна.

Харин авилгал өгсөн  Б.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би мөрдөн байцаалтын үед бүх үнэнийг хэлсэн. Би чулуугаа хураалгасан, аваад өгөх хүн байна уу гэж Батсайхан ах руу ярьсан. Мөнхжаргал гэдэг авч өгнө гэсэн. Чулууг тэр өдөртөө гаалиас авсан гэдгийг хүнээс сонссон байсан, тэгээд надад өгөөгүй. Маргааш нь гааль амарсан. Нөгөөдөр нь Батсайхан ах яриад Мөнхжаргал ажил дээрээ байна, 800,000 төгрөг өгөөд чулуугаа авчих гэж хэлэхээр нь жаахан доошоо буулгаад өгөх боломж байхгүй юм уу гэхэд өөрөө очиж ярь гэж хэлсэн. Би уг нь чулууг тийм их мөнгө өгч авна гэж бодоогүй. Ингээд Мөнхжаргалын өрөөнд очоод ахаа 600,000 төгрөгт өгөх боломж байна уу гэхэд 1,000,000 төгрөгийг 800,000 болгож байхад чинь гэж хэлсэн. Тэгээд би түрүүвчинд байсан мөнгөө гаргаж өгөхөд бор дугтуй гаргаж ирээд тоолохгүй хийсэн. Би 26,000 төгрөг илүү өгсөн байсан. Тэгээд миний чулууг өгөөгүй. Ингээд би тэндээс гараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Түүнээс биш би урьдчилж цагдаад мэдэгдээд цагдаа дагуулж очсон асуудал огт байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ялыг хөнгөрүүлж өгнө үү” хэмээн мэдүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс тэднийг  авилгал авсан, өгсөн хүмүүсийг гэм буруутайд тооцлоо.

Тодруулбал, авилгал авсан гаалийн байцаагчид  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заанаар шүүгдэгч Цэрэндэжидийн Мөнхжаргалыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ял оноосон. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.

Харин авилгал бусдад өгсөн иргэн Баатархүүд тэнсэн харгалзах ял оноолоо. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Батхуягийн Баатархүүг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар боллоо.  

А.Баярмаа